fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхдийг үл хайхрах бол хүчирхийллийн нэг хэлбэр. Тэднийг хараа хяналтгүй үлдээсний улмаас ямар нэг аюул эрсдэлд орсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч хариуцлагыг нь хүлээх ёстой.

Нийгэмд "тэдгээр эцэг эхчүүдийг буруутгаж болохгүй, хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүйгээс, харж хандах хүнгүй улмаас аргагүйн эрхэнд үлдээгээд явсан" гэх өмөөрөх байр суурь давамгайлсан байдаг. Гэвч ямар ч тохиолдолд өөрийгөө бүрэн хариуцах чадваргүй насан дээрээ байгаа хүүхдээ эрсдэлтэй байдалд оруулаад орхисон томчуудыг зөвтгөх шалтгаан үгүй билээ.

Гэр бүлийн тухай хуульд "Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ" хэмээн заасан байдаг.

Гэтэл хайхрамжгүй аав ээжээс болж хүүхэд төрөл бүрийн аюул осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирох, насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлдэх, цаашлаад амь насаа алдахад хүрч байна.

Харин эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ хараа хяналт тавиагүйгээс хүүхэд нь эрсдэлд орсон тохиолдолд ямар хариуцлага үүрүүлэхийг хуульчлан заажээ. Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгажээ.

2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 16 дугаар бүлэг буюу Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэсэгт:

1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуульд нэг нэгжийг 2000 төгрөг гэж заасан бөгөөд мөнгөн дүнгээр бодвол 900 мянгаас 10,8 сая төгрөгөөр торгох юм байна.

Бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээх, хүүхдийг хүүхдээр харуулж хамтад нь цоожилж орхих эсвэл эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас

  • түлэгдэх
  • цахилгаанд цохиулах
  • хахах
  • цонхоор унах,
  • усны сав руу унах

гадаа харгалзах хүнгүй орхисноос

  • худаг болон жорлонгийн нүх рүү унах
  • нохойд хазуулах
  • голд живэх
  • гэмт этгээдийн золиос болохоос эхлээд төрөл бүрийн санаанд оромгүй аймшигтай осол аюулд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гардгийг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх