fbpx

Хүүхдийн хооллолт

image

Насанд хүрсэн хойно нь засаж залруулж болдоггүй нэг буруу зуршил нь хоолоо зөв сайн зажилж иддэггүй зуршил юм. Үүнийг бүр хүүхэд үеэс сургаж хэвшүүлэх нь илүү үр дүнд хүрнэ. Урт насалдаг үндэстнүүдийн эрхэмлэдэг нэг гол зүйл нь хоолоо сайн зажилж идэх зуршил байдаг. Эрдэмтэд хүүхдийн шүдийг ургаж эхлэх үеэс нь зөв сайн зажилж идэхэд сургаж эхлэх нь зүйтэй гэж үздэг.

Хоол аманд ороод зажлагдаж эхлэх үеэс шүлс ялгаруулснаар зарим тэжээлийн бодисыг задалж хоол боловсруулалт эхэлнэ. Анхны энэхүү хоол боловсруулалт сайн байвал ходоод гэдэсний хоол боловсруулалт сайн байх болно. Амны хөндийд хоол боловсруулалтыг сайн болгохын тулд хоолыг маш сайн зажлан жижиглэж шүлстэй хольж нялцайлгах хэрэгтэй.

Хэдийчинээ сайн зажилбал төдий чинээ боловсрогдохоос гадна ходоодонд амар боловсрогдох хоол орох болно. Дутуу хагас зажлагдсан хоол ходоодонд орвол ходоод, шүдгүй болохоор дутуу зажлагдсан хоолыг боловсруулах гэж маш их ачаалалтай ажиллахаас гадна дутуу боловсорсон хоолыг, гэдэс рүү явуулж гэдэсний ачаалал бас нэмэгдэж ачааллаа дийлэхгүй болно.

Ингээд дутуу боловсорсон хоолноос үүссэн хор цусанд шимэгдэн биеийг хордуулан элдэв төрлийн өвчин үүсгэхээс гадна бүдүүн гэдэсний хана дутуу боловсорсон хоолны үлдэгдлээр зузааран бас өвчний эх үүсвэр болно.

Хүүхдийг зөв сайн зажилж идүүлж сургаснаар:

  • Эрүүл шүдтэй болж шүд бэхжинэ, шүд өвчлөх нь багасна
  • Эрүүний цусан хангамж сайжирч шүд зөв ургахад нөлөөлнө
  • Хацар, нүүрний булчин чангарч нүүрний булчин тэнцвэртэй хөгжинө
  • Шүлс сайн ялгарч хоол боловсролт, шингэц сайн болно
  • Тархины цусан хангамж сайжирна
  • Сайн зажилж идэхэд цадах мэдрэмж эрт төрдгөөс хэт идэхээс сэргийлж таргалахгүй болно.

Хүүхдэд шүд ургаж эхлэх, нэмэгдэл хоол идэж эхлэх үеэс нь аав, ээж нь хоолыг яаж зажилж идэх ёстойг хоол идэхдээ харуулж, ярьж, хэлж, зажилж иддэг хоол өгөх үеэс буюу будаа, бантан, ногооны нухаш идэх үеэс нь сайн зажилж идэхийг үзүүлэн өөрөөр нь дасгал хийлгэн сургана. Хүүхдүүд ээж, аавынхаа хэлж, ярьж, үзүүлж байгааг сайн ойлгох учраас тэдэнд уйгагүй зааж өгч бай. Ээж, аав, ах, эгч нар нь ч өөрсдөө хоолоо сайн зажилж идэж үлгэрлэх ёстой.

Ээж аав нарт ямар хоолыг хэр зажилж идвэл боловсруулалтын шаардлага хангахыг сонирхуулахад:

  • чанасан өндөг 33 удаа,
  • төмсний нухшийг 34,
  • махны нухаш 35,
  • хальсгүй алим, будааг 41,
  • бяслагийг 47,
  • хиамыг 48,
  • өргөст хэмхийг 53,
  • түүхий байцааг 83 удаа зажлах ёстой гэж Японы эмч нар үздэг юм байна.

Хүүхдүүдээ сургахын тулд, мөн өөрсдийн эрүүл мэндийн төлөө ч хийгээд үз.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх