Хүмүүжил

image

Гурван настай хүүхдийн сэтгэц, зан байдалд илэрдэг нэг өвөрмөц үзэгдэл бол тэд хэтэрхий өөрийнхөөрөө, "зөрүүд" гэмээр болж ирдэг. Төрснөөсөө эхлээд хүний бүрэн асаргаанд, гарын аяар байсан хүн маань гурван нас хүрч, явдаг, ярьдаг, "боддог" болоод ирэнгүүтээ зан ааш нь хувирч, өөрийнхөөрөө зүтгэх, авах гэснээ авч, хийх гэснээ хийж, түүгээр ч үл барам бусдыг эрхэндээ байлгах гэсэн хандлага тодрон гарч ирнэ. Эдгээр нь бүтэхгүй бол нярай үедээ өлсөх, норохоос шалтгаалан уйлдаг байсан шигээ л бухимдан уурлах болно.

Сэтгэл судлаачид үүнийг чухам энэ үедээ хүний "Би" ялгаран гарч ирж байгаатай холбон тайлбарлах бөгөөд түүнийг бусдын "Би"-ийн эсрэг тавьж байгаа гэсэн үг хэмээдэг. Энэ үед тэдэнд хамгаас дутагддаг, томчууд бидэнд бол хамгаас их "төвөг болдог" зүйл бол тэд зөрүүдлэн зүтгэж байгаа асуудлынхаа цаад учир шалтгаан ба үр дагаврыг "яагаад ч" ухааран ойлгож чадахгүй явдал юм.

Хэрэв та хүүхдээ зоддог бол хүүхэд тань том болоод өөрийнхөө хүүхдийг бас өрөөлийг зодохгүй гэсэн баталгаа байхгүй.

Ер нь аливаа шийтгэл нь хүүхдийг хүмүүжүүлэхэд нөлөө багатай, бүтэлгүй арга. Эцэг эх хүүхдээ цохиод, нудраад авдаг нь хүүхэдтэйгээ ажиллах, харилцах арга барил дутмагийн илрэл юм.

Хүүхэд тань зөрүүдлээд байгаа бол энэ нь түүний тууштай, аливаа зүйлд зүтгэсэн, түүндээ хүрэх гэсэн сэтгэлийн хат байж болно. Энэ үед эцэг эхчүүдийн хамгийн сайн хийх ёстой арга зүй бол хүүхэдтэйгээ ярилцаж ойлгуулах, ухааруулах, зарим тохиолдолд ганцааранг нь орхиж бодох хугацаа өгөх шаардлагатай. Түргэдэж, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд цохиж, загнах зэргээр томчууд хандвал хүүхэд аливаа асуудлыг шийдэхдээ хүчээр шийдэж болох юм байна гэдгийг л сурч авна.

Хүүхэд таны заасныг биш, харин хийж байгаа үйлдлээс чинь суралцаж байдаг гэдгийг бүү мартаарай.

Эх сурвалж: "Аав ээжийн ном", Хүүхдийг Ивээх Сан

X
Нэвтрэх