Мэдээ, мэдээлэл

Эхнэртэйгээ эцэг эх байх талаар нилээд удаан ярилцсаны үр дүнд би хүүхдээ ажил дээрээ дагуулж очих болж улмаар манай гэр бүлийн харилцаа гайхалтай сайхан болж өөрчлөгдсөн юм.

Би хийж буй ажилдаа маш их дуртай. Бүр маш их. Тийм ч болохоор амралтын өдрийг ч алгасалгүй ажилладаг. Хэрвээ би амарч завсар гаргах л юм бол дараа нь нөхөж хийх шаардлагатай болдог. Ер нь зүгээр сууж чаддаггүй байнга л ажиллаж байдаг хүндээ. Харин хүүг маань төрөх хүртэл энэ тийм ч томоохон асуудал биш байлаа.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхэд маань сар сараар өсөж том болж нөгөөтэйгөөр эхнэр маань ядарч сульдаж байгааг би анзаарсан юм. Мөн манай эхнэр "Ядаж амралтын өдрөөр гэртээ байж болохгүй юм уу " гэж гуйх болсон. Тэр үед би бодсон "Яагаад би гэртээ байх ёстой гэж. Ер нь манай эхнэр юунаас болоод ядраад байгаа билээ. Тэр өдөржин гэртээ байдаг. Харин хүү минь ээжтэйгээ үлддэг. Тэгэхээр хэргийн эзэн хэн байх нь тодорхой". Хүү маань өссөөр л харин би амралтгүй ажилласаар л. Нэг жил өнгөрлөө. Түүний дараа ахиад нэг жил.

Ингээд би эхнэртэйгээ эцэг хүн байх талаар ярилцсанаар миний хандлага тэр чигээрээ өөрчлөгдсөн юм. Би үргэлж хүүхэд минь жаахнаараа байх юм шиг, юу ч ойлгохгүй, юу ч санахгүй байх юм шиг бодож явж. Түүнийг өшөө жаахан том болохоор нь, надад өшөө илүү цаг зав гарах тэр үед мөн ярилцах ёстой сэдэв олонтой болох тэр үед л, хэзээ нь тодорхойгүй тэр үед л түүнтэй хамт байна гэж боддог байсан.

Гэтэл гэнэтхэн би нэг зүйлийг ойлгосон. Хэзээ нь тодорхойгүй тэр цаг үе хэзээ ч тохиолдохгүй юм байна гэдгийг. Эцэст нь дүгнэхэд би ажлаа нэгдүгээрт гэр бүлээ хоёрдугаарт тавьдаг байсан юм билээ.Одоо л би хүүхэдтэйгээ тоглож, гадуур зугаалах цаг гаргахгүй юм бол цаг хугацаа нисэн одсоор ийм цаг үе ахиж тохиохгүйг ойлгосон. Тиймээ яг одоо би хүүдээ хамгийн их хэрэгтэй байгаа юм байна гэдгийг ухамсарласан. Тэглээ гээд би бүр ажиллахаа болиогүй гэхдээ өдөр бүр хүүхдэдээ нэг цаг зарцуулдаг болсон. Бид хамтдаа хоол хийнэ, гадуур алхана, хүүхэлдэйн кино цуг үзнэ.

Мөн би хүүгээ ажил дээрээ дагуулж очдог болсон. Аав нь ямар ажил хийдгээ яагаад ажилдаа ингэж дурладаг болохоо түүнд харуулахыг хүссэн. Хүү минь миний ажлын багажууд, будаг, харандаа, тоосго, мод гээд бүгдийг нь маш анхааралтай үзэж, сонирхож байсан шүү. Хүүгээ бүтэн өдрийн турш ажил дээрээ байлгадаггүй ээ. Тэр маань жаахан хэвээрээ л байгаа тиймээс түүнд нэг цаг юм уу цаг хагас л хангалттай гэж үзсэн. Энэ тийм урт хугацаа биш юм шиг сонсогдож болох ч биднийг үнэхээр дотно болгож чадсан шүү. Магадгүй хүү минь аавынхаа ажлаар хэрхэн зочилсноо санахгүй байж болно. Гэхдээ аавынхаа хувьд хамгийн чухал нь гэдгээ үргэлж санах болно.

Өөртэйгээ адилхан бүх л аавуудад зөвлөмөөр байна. Хүүхэдтэйгээ ойр бай. Түүнийг дагуулаад яв. Эхэндээ энэ нь уйтгартай мэт санагдаж болно гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам зөвхөн таны хүүхэд та хоёрын л мэдэх гайхалтай сайхан дурсамж бий болсон байх болно. Хүүхдээ хүүхэд асрагчтай биш, телевизтэй биш өөртэйгөө ойр өсгө. Хүүхдэдээ тоглоом авч өгч хөрөнгө оруулалт хийснээс хамт байж аз жаргалтай дурсамжуудыг бүтээх нь түүнд хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь таны хүүхдийн ямар хүн болж төлөвших болон ирээдүйн карьертай нь шууд хамааралтай чухал зүйл юм шүү.

Хүүхдээ хайрла түүнтэй цагийг хамт өнгөрөө. Гэхдээ маргааш биш. Өнөөдөр. Яг одоо.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

 

Эх сурвалж: https://www.boredpanda.com/

Орчуулагч: О.Хандмаа

X
Нэвтрэх