Хүмүүжил

image

Ихэнх аав ээжүүд хүүхдэд хэдийнээс эхлэн гэрийн ажил хийлгэх, насанд нь тохирсон дадал хэвшил зааж сургах талаар төдийлөн ойлголтгүй байдаг. Хүүхдэд насны онцлогт нь тохирсон чадвар байдаг ба ажил хөдөлмөрт багаас нь сургаарай.

Ажил хөдөлмөр нь хүүхдийн суурь хүмүүжилд маш чухал үүрэгтэй.

Хүүхдийг юм хийх гэхэд нь үгүйсгэж, бага байна, том болохоороо хий, одоохондоо чадахгүй гэх мэт хориглодог. Жишээ нь: 1 настай хүүхэд өөрөө халбагаа бариад хоолоо идэх гэхэд нь ээж асгаж цутгасан хоолыг цэвэрлэхээс халширах, аяга хагалчихна гэж өөрөө хооллодог. Мөн оймсоо өмсөх гэхэд нь хүлээцтэй хандаж чадалгүй өөрөө өмсгөх, шал цэвэрлэх болон угаах гэхэд нь чадахгүй гэх мэт хориглосоор аливаа зүйлийг хийх сэдэл тэмүүллийг нь унтраадаг байна.

Ийнхүү бага насандаа ажил хийх дадал, хэвшил суух ёстой байсан үед нь хориглосоор байвал юмнаас хойш сууж, хий гэсэн зүйлийг хийдэггүй, залхуурах хандлагатай болж төлөвшдөг. Ийнхүү аав ээжүүд маань манай хүүхэд гэж залхуу хүүхэд байнаа гэж хүүхэд рүүгээ бурууг тохдог. Үнэндээ бол түүнийг залхуу болгосон буруутан нь өөрсдөө гэдгийг ухамсарладаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил төлөвшилд хариуцлагатай хандан, хүүхдийн нас насны онцлогийн талаар судлан, хүүхэд багаасаа юу хийж чаддаг талаар мэдлэгтэй болох хэрэгтэй.

Хоёр настай хүүхэд том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно. 3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ. Өөр өөр өнгөтэй 3-4 зүйлийг хооронд нь ялгана. Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна. 15-20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна. Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө, шүдээ угааж, хоолоо өөрөө идэж чадна гэх мэт.

Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд бид хамгийн түрүүнд тухайн насны хүүхдийн онцлог шинжүүдийг маш сайн мэдэж, улмаар хүүхдэдээ тохирсон ажил буюу үйлдлийг хийх боломж, нөхцлөөр хангаж өгвөл хүүхдээ багаас нь хөдөлмөрт дуртай хүн болгож төлөвшүүлж чадна.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх