fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхдүүдэд хамгийн элбэг тохиолддог хавдрын нэг шалтгаан нь бидний орчин үеийн хэт цэвэрч амьдралын хэв маяг болохыг Их Британийн эрдэмтэд тогтоожээ.

Тунгалагийн булчирхайн цочмог хавдар нь 2000 хүүхэд тутмын нэгд тохиолддог байна. Хавдар судлалын институтын профессор Мэл Грийвсийн 30 жилийн турш  цуглуулсан баримт нотолгоогоор бага насандаа хангалттай их нянд өртөж байгаагүй хүүхдийн дархлааны тогтолцоо хавдарт өртөмхий болдог нь тогтоогджээ.

Профессор Мэл Грийвсийн судалгаа нь хавдраас урьдчилан сэргийлэх боломжууд бий болохыг харуулж байгаагаараа онцлог юм.

Цусны хавдруудын нэг төрөл болох тунгалагийн булчирхайн хавдар нь өндөр хөгжилтэй, баян орнуудад элбэг тохиолддог нь бидний орчин үеийн амьдрал уг өвчнийг үүсгэх нэг шалтгаан байж болзошгүй гэсэн таамгийг төрүүлжээ.

Цахилгааны утас, цахилгаан соронзон орны долгион, химийн зарим бодисууд хавдар үүсгэдэг гэж олонтаа яригддаг бол профессор Мэл Грийвсийн бусад эрдэмтэдтэй хамтран гаргасан судалгаанд тэдгээрийг няцаажээ.

Мэл Грийвсийн судалгаагаар хавдрын өвчлөлд өртөх 3 үе шат байдаг ба

1т - Хамгийн эхний, урьдчилан сэргийлэх боломжгүй генетикийн мутаци эхийн умайд бүрэлдэж буй урагт үүсдэг аж.
2т - Хүүхэд 1 ой хүртлээ хангалттай их нянтай "танилцаагүйгээс" түүний дархлааны тогтолцоо гаднаас орж ирэх "аюулын" эсрэг зөв арга хэмжээ авч чаддаггүй болно.
3т - Үүний улмаас хүүхэд халдварт амархан өртөж, дархлааны тогтолцоо нь доголдож, цаашлаад цусны хавдраар өвчлөх шалтгаан болдог байна.

Цусны хавдрын тухай энэхүү онол нь ганцхан судалгааны үр дүн бус олон тооны судалгаагаар гарсан баримт нотолгоонуудын хоорондын уялдаа холбооны үр дүн билээ.

Профессор Мэл Грийвс, "Судалгаагаар тунгалагийн булчирхайн цочмог хавдар нь цэвэр биологийн шалтгаантай нь тогтоогдсон ба дархлааны тогтолцоо нь анхнаасаа зөв бэлтгэгдээгүй хүүхдүүд олон төрлийн халдварт өртөх нь хавдар үүсэх түлхэц болж өгдөг болохыг харуулж байна" хэмээн ярьсан байна.

Түүний хийсэн судалгаанд доорх баримтууд тус болсон гэнэ. Үүнд

Ариун орчинд өссөн амьтад халдварт өртсөнийхөө дараа цусны хавдартай болж байсан.

  • Миланд гарсан гахайн ханиадны дэгдэлтийн улмаас 7 хүүхэд цусны хавдраар өвчилсөн.
  • Цэцэрлэгт явдаг эсвэл дээрээ ах эгчтэй хүүхдүүд цусны хавдраар өвчлөх нь цөөн байдаг.
  • Хөхөөр хооллох нь гэдсэн дэх ашигтай нянг хадгалж, цусны хавдраас сэргийлдэг.
  • Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүд жам ёсоороо төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад цусны хавдраар өвчлөх нь элбэг байдаг нь хийсвэрээр төрсөн хүүхэд төрөх явцдаа цөөн тооны нянд өртдөгтэй холбоотой аж.
  • Ариун орчинд өссөн амьтад халдварт өртсөнийхөө дараа цусны хавдартай болж байсан.

Энэхүү судалгаа нь эцэг эхчүүдийг хэт цэвэрч байна гэж буруутгах ямар ч зорилго агуулаагүй ба харин ч нийгэм болон эрүүл мэндийн салбарт гарсан дэвшил, ололт амжилтууд нь маш үнэтэй олдож байгааг харуулж байгаа аж.

Чухал ач холбогдол бүхий нянгуудтай "танилцуулна" гэдэг нь маш төвөгтэй  бөгөөд зүгээр бохир байхыг хэлэхгүй. Профессор Грийвс, "Хамгийн гол нь хүүхдийг цусны хавдраас урьдчилан сэргийлэх боломж байгаа гэдэг нь чухал юм" хэмээн хүүхдэд багаас нь ашигтай нян агуулсан тараг гэх мэтийг уулгаж дархлааны тогтолцоог нь "сургах" нь зөв болохыг онцолжээ.

Түүний хэлж байгаагаар эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэх, халдвар авах болгонд сэтгэлээ зовоохгүй байж, хүүхдээ бусадтай болон өөрөөс нь ах эгч хүүхдүүдтэй харилцахыг нь хөхүүлэн дэмжих хэрэгтэй гэнэ.

Багаасаа олон төрлийг нянгийн эсрэг дархлаа тогтсон хүүхэд цаашдаа ямар нэг хүнд өвчнөөр өвдөх эрсдэл буурдаг ч хүүхдүүдэд элбэг тохиолддог цусны хавдраас урьдчилан сэргийлэх тодорхой алхмууд одоогийн байдлаар байхгүй талаар Аласдэйр Рэнзин эмч онцолжээ

Саяхныг хүртэл бид нянгуудыг "муу залуус" гэж үздэг байв. Гэтэл тэд бидний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтойгоос гадна тэд харшил, Паркинсоны өвчин, сэтгэл гутрал болон цусны хавдар зэрэг олон төрлийн өвчнүүдийг ойлголтыг өөрчилсөөр байна.

Эх сурвалж: BBC

Орчуулагч: С.Заяа

X
Нэвтрэх