3-5 нас

image

3-5 нас бол хүүхдийн бүх зүйлийг сонирхож, судалж, олж нээхийг хичээдэг үе юм. Тиймээс хүүхдэд зориулсан тусдаа өрөө гаргаж өгөх нь зүйтэй байдаг ба хүүхдэд энэ үед ямарваа нэг дарамт шахалт үзүүлэх биш харин хяналт тавьж байх хэрэгтэй.

Бүх зүйлийг өөрөө хийхийг эрмэлзэж хэн нэгнээс туслалцаа авахыг эрс эсэргүүцэж байгаа нь ирээдүйд бие даан эцэг эхээс хамааралгүй амьдрах анхны алхам нь болж өгдөг байна. Хүүхэд өөрийгөө болон өөрийнхөө хүч чадлаа бүгдэд нэн түрүүнд эцэг эхдээ баталж харуулахыг хичээнэ.

Энэ үед хүүхэд эцэг эхээсээ нэг л зүйл харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аав ээж хоорондоо ямарваа нэг зүйл дээр ярилцаж тохиролцон санал нэгтэйгээр тухайн зүйлээ хүүхдэдээ зааж сургахыг хичээнэ. Эсрэг тэсрэг зүйл харвал хүүхэд сэтгэл санааны хямралд орж эцэг эхтэйгээ харилцах харилцаанд ан цав үүсэх эрсдэл үүснэ.

Хөгжлийн энэхүү явцад хүүхэд их хөдөлгөөн, дуу чимээ гаргах нь хэвийн гэж үзэхээс гадна хэт дуугүй, ноомой байх нь ямар нэг асуудал үүссэний шинж тэмдэг байж болох юм.

Хүүхэд ямарваа нэг зүйл шаардсан тохиолдолд хийх анхны алхам бол тухайн хүслийг нь биелүүлж болох эсэхийг нь сайтар ярилцаж шийдэх явдал юм. Эцэг эх нь хамтдаа тухайн шийдвэртээ баттай зогсох нь хүүхдийн төлөвшилд ихээхэн нөлөөлдөг байна. Хүүхэд зөрүүдэлж эсэргүүцсэн хариу үйлдэл үзүүлсээр байвал тухайн үйлдлийг нь үл тоомсорлох нь хамгийн сайн алхам болж өгнө.

Тайван байдлаар тухайн үйлдлийг буруу болохыг нь зааж сургах хэрэгтэй. Харин үүнд хүүхдийн бусад ойр дотныхон нь хэт их оролцож эцэг эхийх нь байр суурийг ганхуулахгүй байхад ихэд анхаарах хэрэгтэй.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх