fbpx

Хүүхдийн хооллолт

image

КАЛЬЦИ

Кальцийн гол үүрэг яс, шүд бүрэлдүүлнэ. Мэдрэл, булчингийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана. Цус бүлэгнүүлэхэд оролцоно. Кальци дутахад яс бүтэлт алдагдаж шүд цоорох өвчинд хүргэнэ. Кальцийн шимэгдэлтэд Д аминдэм гол үүрэг гүйцэтгэхээс гадна хоол тэжээл дэх кальци, фосфорын харьцаа чухал нөлөөтэй. Хамгийн зохимжтой харьцаа нь 1,5:1. Кальци сүү, ээдэм, тараг, бяслаг, өндөг, сардин загаст их хэмжээтэй байдаг. Ургамлаас шошд их.

ФОСФОР

Фосфор нь ясны эдийн хэвийн өсөлтийг хангана. Булчингийн үйл ажиллагааг зохицуулан уураг, тосны солилцоо, цус бүтэхэд оролцоно. Фосфор өндөгний шар, мах, шувууны мах, загасны мах, ээдэм, бяслаг, ихэнх төрлийн будаа, шошд их хэмжээтэй байдаг.

ХЛОРТ НАТРИ

Хлорт натри буюу хоолны давс нь зохистой хэмжээгээр хэрэглэхийг шаарддаг эрдэс бодис. Энэ 2 эрдэс бодис амин хүчлийг тээвэрлэх, ус давсны солилцоог зохицуулдагаараа хүүхдэд ач холбогдолтой. Давс хэтрүүлэн хэрэглэснээр хожмын өдөр олон өвчинд өртөх болж кали дутагдана. Хамгийн их анхаарах зүйл нь давсны амтанд хүн ордгоос өөрийгөө эрүүл мэндэд хохирол учруулж байгаа ч түүнийг багасгаж чаддаггүйд байдаг. 3 цагаан хорын нэг болох давсыг багасгах гол арга бол хүүхдийг багаас нь давсанд оруулахгүй байх арга мөн.

Хөгжилтэй орнуудад бага насны хүүхдийн хоолонд давс хийдэггүй нь хүүхдийг давсны амтанд оруулахгүй байх зорилго. Бид ч энэ жишгийг амьдралдаа нэвтрүүлэхийн тулд 1 хүртэлх насны хүүхдэд өгөх нэмэгдэл хоолонд давс хийхгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч байна. Ихэнх бүтээгдэхүүн ялангуяа ногоо өөртөө далд давстай байдаг.

МАГНИ

Магни ясны эд үүсэхэд болон нүүрс ус, уургийн солилцоонд оролцож ферментийн идэвхийг сайжруулна. Мэдрэл зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Таталтын эсрэг болон судас өргөсгөх үйлчлэлтэйгээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, цөс ялгаралтыг сайжруулна. Магни дутахад хоол шингэлт, дархлаа муудаж арьсны тэжээл алдагдана. Магни нь ургамлын гаралтай будаа, шош, ногоо жимс, ногоон навчит ногоо, хатаасан жимсэнд их хэмжээтэй байна.

ТӨМӨР

Төмөр хүүхдийн биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цус бүтээхэд оролцож биеийн эд эсэд хүчил төрөгчийг зөөдөг гемоглобины бүтцэд орно. Өсч буй бие махбодын нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцдог.

Хүүхэд эхээс нөөцлөгдсөн төмөртэй төрнө. Төрсний дараах 5-6 сартай болоход төмөр дуусна. Цаашид цус бүтээлт нь хоолоор орох төмрөөс шалтгаална. Дутуу төрсөн, төмөр дутагдлалтай эхчүүдээс төрсөн хүүхдийн элэгт нөөцлөгдсөн төмөр бага байх учир 2-3 сартай үед төмөр дуталт орох тул энэ үед урьдчилан сэргийлж төмрийн бэлдмэл өгнө. Төмөр амьтан ба ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд агуулагдана. Дайвар бүтээгдэхүүн, мах, өндөг, шош, сагадай, нохойн хушуу, алим, лийр, нэрс жимсэнд хангалттай хэмжээгээр байдаг.

Төмрийн шимэгдэлт С аминдэм болон органик хүчлийн нөлөөнд сайжирдаг. Амьтны гаралтай бүтээгдэхүүний төмрийн шингэц сайн байх ба махан хоолыг ургамлын гаралтай хүнстэй хослуулан хэрэглэхэд ургамлын хүнсний төмрийн шингэц 2 дахин нэмэгддэг байна.

Эх сурвалж: "2 хүртэлх насны хүүхдийн хооллолт", 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх