fbpx

Мэдээ, мэдээлэл

image

"Олон улсын хүүхдийн баяр"-аар эцэг, эхчүүд хүүхдэдээ ихэвчлэн ууталж, боосон бэлэг бэлэглэдэг. Гэвч дотор нь байгаа эд зүйлсийн хугацааг тэр бүрчлэн шалгаж авах боломжгүй. Гэтэл дотор нь хугацаа дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнүүд ихээр орсон байдаг байна.

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас 2018 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс эхэлж зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийж, нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 194 буюу 74,8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авчээ. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий есөн албан шаардлага, нэг албан даалгавар хүргүүллээ.

  • Шошгын шаардлага хангаагүй найман нэрийн 5 кг, 2145 ширхэг, 5.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авч,
  • Хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг, нийт 260.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулж,
  • 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7.35 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ тооцлоо.

Шалгалтын явцад 52 нэр төрлийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч НМХГ-ын Нэгдсэн төв лабораторид шилжүүлсэн байна.

"Олон улсын хүүхдийн баяр"–аар хүүхдэдээ чанарын шаардлага хангасан бэлэг авахыг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш зөвлөлөө.

Сэтгүүлч: Б.Солонго

X
Нэвтрэх