fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Худалдаа, Хөгжлийн Банк ХХК, “Монгол Контент” ХХК таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“Монгол Контент” компанийн хамт олон Маамуу үндэсний брэндийн хүрээнд хүүхэд багачуудын үзэх дуртай Маамуу хүүхэлдэйн кино, Маамуу хүүхдийн нэвтрүүлэг болон бусад олон төрлийн контентийг бүтээдэг юм.

Дээрх хоёр байгууллага хамтран ажилласнаар Маамуу брэндийн дүрүүд болох Аами, Таамиг бүтээгдэхүүн үйлчилгээндээ албан ёсны эрхтэй ашигладаг байгууллагын тоо нэгээр нэмэгдлээ. Худалдаа, Хөгжлийн Банк хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээндээ Аами, Таамигийн дүрийг албан ёсны зөвшөөрөлтэй ашиглах боломжтой болж байна.

                                “МААМУУ ХАДГАЛАМЖ” ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “Энэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа их баяртай байна. Монголын хамгийн ууган, хамгийн том банкны хувьд ХХБ үндэсний компаниудыг байнга дэмжин ажилладаг. Тэдний санхүүжүүлэгч, үнэнч хамтрагч байдгаараа бахархдаг. Хэдхэн хоногийн өмнө ХХБ, "Монгол контент" хамтран Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад “Маамуутай хүүхдийн баяр” тэмдэглэхэд хүүхдүүд, ээж аавууд талархан хүлээж авсан. Баярыг зүрх сэтгэлээрээ дэмжин  ажилласан “Монгол Контент”-ийн хамт олонд баярлалаа.

Хүүхдийн хадгаламж бол манай онцгой бүтээгдэхүүн. Бид зах зээлийн хамгийн өндөр хүүг санал болгодог, энэ бүтээгдэхүүнээр ашиг олохыг зорьдоггүй. Маамуу хадгаламжтай хүүхдүүд хэдэн жилийн дараа өөрийн бизнесээ эхлүүлэх боломжийг энэ бүтээгдэхүүн олгодог. Цаашид “Монгол Контент” компанитай урт хугацаанд, харилцан ашигтай, тогтвортой хамтран ажиллах эхлэлийг өнөөдөр тавьж байна” гэв.

ХХБ ИРЭЭДҮЙН ИРГЭДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА

“Монгол Контент” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ганзориг “Манай үеийнхэн хүүхэд байхдаа “Ну погоди”, “Том Жерри”-гийн хүүхэлдэйн киног үзэж өссөн. Одоо манай хүүхдүүд “Маша баавгай хоёр”, “Пороро” гэх мэт гадаад контент түлхүү үзэж байна.

Монгол бол хүүхэд залуусын орон. Иймд хүүхдэд зориулсан контент зайлшгүй үйлдвэрлэх шаардлагатай. Энэ орон зайг үндэсний контент үйлдвэрлэгчид төрийн бодлогын дэмжлэгээр дүүргэх ёстой юм. Бид “Маамуу” брэндийг гурван жилийн турш хөгжүүлж, кино, ном, тоглоом гэх мэт цогц контент бүтээж байна. Би ХХБ-ыг ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч гэхээс илүүтэй хүүхдийн контентод хөрөнгө оруулагч гэж нэрлэмээр байна.  Зөвхөн “Маамуу” брэндэд биш, бүх хүүхдэд хөрөнгө орууллаа. Цаашид Маамуугийн дүрийг үйл ажиллагаандаа албан ёсоор ашиглах, лицензийн зөвшөөрөл авах байгууллагууд улам олон болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Энхүү хамтын ажиллагааны эхлэл болгон ХХБ, Монгол Контент компаниуд хамтран Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр буюу Хүүхдийн баяраар УБ, Дархан, Эрдэнэт хотуудад “Маамуутай Хүүхдийн Баяр”-ыг зохион байгуулжээ.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

X
Нэвтрэх