fbpx

Хоол тэжээл

image

Хүүхдийн биеийн өсөлт хөгжилт төдийгүй нас биед хүрсэн хүнд эрдэс бодисын ач тус амин дэмээс дутахгүй чухал.

Эрдэс бодис нь хоногт хэрэглэж байгаа хоолны найрлагын багахан хэсэг буюу 0,7-1,5 хувийг эзэлдэг ч бие махбодын бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. эрдэс бодисгүйгээр хүн амьдарч чадахгүй. Бодисын солилцог идэвхжүүлэгч ферментүүдийн үйл ажиллагаа эрдэс бодисын оролцоогүй хэвийн явагдах боломжгүй.

Кальц

Уурагтай нэгдэж шүд болон их биеийн ясны эдийн гол хэсэг болдог. Ясны эд, эсүүд элэгдэн хорогдож үгүй болох, шинээр нөхөн төлжиж үүсэх гэсэн хоёр шалтгаанаас хүүхэд өдөр тутам хоолоороо кальцийг авч байх шаардлагатай.

Сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоон өнгөтэй бууцай, цэцэгт байцаа зэрэг ногоонд агуулагдаж байдаг. Д амин дэм дутагдахад кальцийн эд эс дэх зөөвөрлөлт багасч кальц дутал үүснэ. Кальц дутвал хүүхдийн ясны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, харшил болон үрэвсэлд өртөмтгий болно.

Фосфор

Ясны найрлагад ордог бөгөөд ферментүүд, эсийн мембраны найрлагад орж, бодисын солилцоо, ялангуяа илчийн солилцоонд чухал үүрэгтэй. Вандуй, гурвалжин будаа, тарганд их хэмжээгээр агуулагддаг ба дутлын үед яс хэврэгших, ядрах, хоолонд дургүй болох шинж илэрнэ.

Магни

Мэдрэл, зүрхний олон ферментийн үйл ажиллагаанд болон ясны эдэд оролцоно. Бууцай, үр тариа, цэцэгт байцаа, төмс, шошд их хэмжээтэй байдаг. Магни дутахад зүрхний хэм алдагдах, ядрамтгай болох, уцаарлах, булчин өвдөх зэрэг шинж илэрнэ.

Натри ба кали

Эсийн бүрэлдэхүүн хэсэгт кали ордог бол натри эд, эсийн шингэний бүрэлдэхүүнд орж, биед шингэнийг барьж байдаг гол бодисын нэг юм. Ямар нэг өвчингүй, хэвийн амьдралтай, хоол сайн үед натри, кали дутахгүй ба өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэдэг давс нь натри юм. Ихэнх хүнсний бүтээгдэхүүн өөрөө натри агуулдаг. Кали нь хатаасан жимс, шош, далайн байцаа, вандуй, төмс, үзэм, усан үзэм, хулуу, гадил жимсэнд их хэмжээтэй байдаг. Хүүхдийн суулгалт өвчний үед натри, кали хоёул их хэмжээгээр алдагддаг учир натри, калиар баялаг хүнс, давс, сахарын уусмал өгдөг.

Дараах бичил тэжээлийн бодисууд биед маш бага буюу 20 мг-аас доош

хэмжээтэй байдаг ч хүүхдэд их ач холбогдолтой

Төмөр

Цусны нөхөн төлжилтөд чухал ач холбогдолтой. Төмөр дутлын үед ядрамтгай болж, толгой эргэх, чих шуугих, ачааллын үед амьсгаадах, зүрх дэлсэх зэрэг шинжүүд илэрч хоолонд дургүй болдог.

Хүнд хэлбэрийн үед хүүхэд ядарна, амархан эцнэ. Уруул, амны хөндийн салт, хумс цайна. Бүх биеийн арьс шаргал өнгөтэй болж байнга даардаг болох бөгөөд хурц үрэвсэлт, халдварт өвчинд өртөмтгий болж тэр нь ужиг явцтай, сэдрэх, хүндрэх хандлагатай байдаг. Шалтгаангүй үе үе халуурах тохиолдол бий. Хоолны дуршил буурснаас биеийн жингээ алдах ба энэ нь олон жил үргэлжилбэл эд эрхтний тэжээлийн алдагдлын шинжүүд болох хумс хотойх, хоолой залгиурын салстын өөрчлөлтийн улмаас юм залгихад саадтай болох, амт өөрчлөгдөх зэрэг шинж илэрнэ.

Төмөр ихээр агуулсан хүнсэнд дотор мах, гурвалжин будаа, вандуй, шоколад, цагаан мөөг, шош, хар нэрс, шар будаа, талх, алим, лийр, бууцай, самар, хошуу будаа зэрэг ордог.

Иод

Бамбайн дааврын найрлагад ордог уг бодис тархи болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, илчийг ашиглах, биеийн дулааныг барих, хүүхдийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй.

Иод дутсан хүүхдэд голчлон бамбай томрох эмгэг илэрч, оюун ухааны хомсдол үүсэх, өсөлт хөгжил нь хоцрох шинж илэрнэ.

Өрх бүр, цэцэрлэг, сургууль бүр иоджуулсан давс хэрэглэх шаардлагатай.

Фтор

Яс ба шүдэнд чухал хэрэгцээтэй бичил бодис. Фтор алим болон загасанд их хэмжээтэй агуулагддаг. Ундны усанд фтор илүүдэхэд флюороз буюу шүд харлах, нурууны яс шохойжих эмгэгээр өвддөг. Ундны усны фтор бага агуулагдаж байгаа орон нутагт амьдарч буй хүн амд, ялангуяа хүүхдийн дунд шүд цоорох (кариес) өвчин түгээмэл тохиолддог.

Ундны усны фтор 0,7-1,5 мг/дм3 хэмжээтэй байвал хэвийн гэж үздэг. Улаанбаатар хот, баруун зүгийн аймгуудын ундны усны фтор бага учраас бүх насны ихэнх хүмүүс шүд цоорох өвчтэй байдаг ажэ. Ялангуяа бүх насны хүүхдүүдэд элбэг тохиолддог ба манай оронд 90 гаруй хувьтай байна гэж үздэг.

Цайр

Холбох эд, ясны эд үүсэхэд нөлөөлнө. Хараа сайжруулна. Мөн олон ферментийн бүрэлдэхүүнд ордог. Эсийн задрах, үржих, нөхөн төлжихөд оролцоно. Хүүхдийн дархлааны тогтолцоонд нөлөөлж биеийн халдвар эсэргүүцэх, шарх эдгээх чадварыг сайжруулна. Хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд нөлөөлдөг. Мах, хальстай үр тарианы бүрэлдэхүүнд элбэг байдаг. Цайр дутахад өсөлт зогсох, бэлгийн бойжилт наснаасаа хожуу эхлэх, амтлах мэдрэмж болон дархлаа муудна.

Зэс

Төмөртэй нэгдэж цус бүтээхэд оролцоно. Зэс нь амуу будаа, шинэ ногоо, мах, далайн бүтээгдэхүүн, үзэм, самар, вандуй, өндөгний шард их хэмжээтэй байдаг. Зэс дутахад төмрийн шимэгдэлт муудаж, цус багадна. Яс хэврэгшиж өсөлтөд нөлөөлнө. Мэдрэлийн тогтолцоонд сөрөг өөрчлөлт авчирна.

Кобальт

Цус бүтээх болон уургийн солилцоонд оролцоно. А, С, В1, Вс, В6 амин дэмийн шимэгдэлтэд оролцоно. Кобальт нь хулуу, далайн байцаа, мөөг, бөөрөнхий сонгино, сүү, элэг, бөөрөнд ахиу агуулагддаг. В12 амин дэмийн бүтцэд багтах тул хүүхдэд кобальт дутахад В12-ийн дутал үүснэ. Кобальт дутсан хүүхэд халдварт өвчинд өртөмхий болно.

Селен

Хорт хавдрын үүсгэгчдээс үүдэлтэй хорт бодис (чөлөөт язгуурууд)-ыг саармагжуулдаг тул хорт хавдраас сэргийлэх, эмчлэхэд хэрэгтэй. Бамбай булчирхайн дааврын солилцоонд гол үүрэгтэй оролцоно. Ферментүүдийн найрлагад орж, өсөлт хөгжил, дархлааг сайжруулна. Селен нь загас, мах, дотор мах, өндгөнд их хэмжээтэй байдаг. Олон төрлийн хүнс, хоол хэрэглэсэн тохиолдолд селений дуталд орохгүй. Хүүхдэд селен дутахад булчин өвдөх болон зүрх өвчлөхөд хүрнэ.

Зөвлөх: АУ доктор М.Оюунбилэг /"2-10 насны хүүхдийн хооллолт"/

X
Нэвтрэх