fbpx

0-1 нас хүртэл

image

Хүүхдийнхээ хөгжилд цаг ямагт анхаардаг хичээнгүй ээж аавууддаа энэ удаа 4-6 сартай хүүхдийн хөгжлийн онцлогийг хүргэж байна. Энэ үеийнх нь онцлогт тохирсон хөгжүүлэх аргуудыг хэрэглээрэй.

  • Нүдний хараа тогтоно
  • Хөдөлж буй юмсыг дагаж харна
  • Юмсыг хоёр гараараа авч, тоглоомноосоо болон хүнээс зуурна
  • Суухыг хичээнэ
  • Уйлах нь багасч, шулганах нь нэмэгдэнэ

Хүүхэд хөгжлийнхөө шат болгон дээр нэг чухал чадварыг эзэмшдэг ба энэ чадвар нь цаашдын хөгжлийн үндэс суурь болж өгдөг. Хараа тогтох нь 4 сартай хүүхдийн хамгийн чухал чадвар нь болдог. Энэ нь хүүхэд хоёр нүдээ хоёуланг нь ашиглаж, юмсыг сайтар тогтоож харах боломжийг олгодог. Эхний 3 сард хараагаа нэг зүйл дээр тогтоож чаддагүй байсан бол тэрээр одоо тоглоомоо сайн харж чадах ба түүнийг барьж авах чадвартай болсон байна. Энэ нь яг л гар нүд хоёр, “Хоёулаа хамтдаа ажиллаж зорилгоо биелүүлье.” гэж бие биедээ хэлж байгаатай л адил юм.

Хүүхэд хөдөлж буй юмсыг даган хардаг болно. Үүнийг шалгахын тулд та хүүхдээ тайван байхад нь эхлээд түүний анхаарлыг тат. Тэгээд толгойгоо бага зэрэг хазайлга, хүүхэд тань таныг дуурайж бас толгойгоо хазайлгана. Түүнийг биеийг эргүүлээд тавихад тэрээр таныг харах гэж толгойгоо мөн л хазайлгана.

Суух гэж оролдох нь  6 сартай ихэнх хүүхдүүдийн хөгжлийн чухал үе шат юм. Энэ чадвараа хүүхэд хэрхэн яаж сурч байгаа нь түүний хөгжлийн бас нэг гайхалтай үе юм.  4-5 сартайдаа хүүхэд ганцаараа сууж чадахгүй, хойшоо эсвэл хажуугаараа унадаг. Хүүхэд хэсэг хугацааны дараа өөрийнхөө тэнцвэрийг олохын тулд гараа ашиглаж эхэлдэг. 5-6 сартайд хүүхдийн нурууны булчин чангарч хүүхэд ганцаараа сууж чадах чадалтай болно. Тэгсэн ч хүүхэд байн байн тэнцвэрээ алдаж унах ч тэрээр сууж тогтохын тулд гараа ашигладаг болсон байна.  6 сартайдаа хүүхэд гараа ашиглалгүйгээр тэнцвэртэй суух боломжтой болно. Хүүхэд сууж байхдаа  эхлээд нэг гараараа тулах ба хэсэг хугацааны дараа хоёр гараа хоёуланг нь авч, урагшаа 45 хэм бөхийсөн байдалтайгаар ганцаараа тогтон суудаг. Хүүхдийн нурууны булчин чангарах тусам хүүхэд тэнцвэрээ сайн олж, ганцаараа тэгшхэн сууж чаддаг болдог байна.

Хэл ярианы хөгжил нь энэ шатны бас нэг онцлог юм. Тэд уйлах нь багасч, шулагнах нь нэмэгддэг. Тэд өөрсдийн хэл яриагаа дохио зангаатай хослуулж эхлэнэ. 6 сартайд хүүхэд хэлний байршлаа, амныхаа хайрцгийг өөрчилснөөр өөр төрлийн дуу авиа гаргаж болдгийг ойлгож эхлэх ба тэд эгшиг гийгүүлэгчээс бүрдэх үеүүдийг уртаар эсвэл богинохноор дахин дахин давтан шулагнана. 6-аас 9 сарын хооронд хүүхэд  уруулын тусламжтай бүтэх “да да” гэх үеийг хэлний тусламжтайгаар өөрчлөн “да да” болгох чадвартай болдог байна.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх