fbpx

Хүмүүжил

image

Хүүхдээ энд тэнд маш их уурлаж, уйлж тийчлэхэд зарим эцэг эх ичиж зовсондоо, эсвэл хүүхдээ захирч чаддаг байх ёстой гэж боддог учир уурлаж бухимддаг.

Таны хүүхэдтэйгээ харилцах харилцаа бусад хүмүүсийн юу гэж бодохоос илүү чухал гэдгийг санаж явах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань олон нийтийн газарт уурлаж, уйлж бархирвал та өөрийн холын зорилгодоо хамаг анхаарлаа төвлөрүүлж, түүнд зөөлөн аядуу хандаж, учир байдлыг тайлбарлаж өгөх зарчмыг юуны түрүүнд баримтлах хэрэгтэй. Бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй, өөрийнхөө хийх ёстойг хийгээрэй.

Хэн нэгний багтартлаа уурлаж байгааг дарах нь их шуургыг дарахтай л адил хэрэг. Үүнийг та ч, өөр хэн ч хийж чадахгүй. Бидний яагаад зөвшөөрөхгүй байгааг хүүхэд ойлгохгүй, бас тэрээр өөрийн уур хилэнгээ хэрхэн дарахаа мэддэггүй учраас л ингэж уйлж, бархирч байгаа юм. Энэ нь түүний их уурлаж бухимдаж байгаагаа эцэг эхдээ ойлгуулах арга юм. Хэрэв та энэ үед нь түүнийг загнаж зодвол хүүхэд улам их бухимдана. Мөн тэрээр айж, түүнийг та буруугаар ойлгосон гэж бодно.

Энэ үед таны хийж чадах хамгийн зөв зүйл бол хүлээцтэй байх. Хүүхдийнхээ хажууд байж, түүний уур хилэнгийн шуурга өөрөө аяндаа намдтал хүлээж, аюулгүй байгаа гэдгийг мэдрүүлээрэй. Заримдаа хүүхдээ тэвэрч, аятайхан аргадвал хүүхэд тайвширдаг.

Хүүхдийнхээ уурыг намдахаар түүнтэй хамт сууж, сая чухам юу болоод өнгөрсөн тухай ярилцаарай. Хүүхэд ямар зүйл мэдэрсэн, энэ мэдрэмжийг юу гэж нэрлэдэг, ийм мэдрэмж ямар хүчтэй болох тухай энэ боломжийг ашиглан түүнд зааж өгөөрэй. Мөн яагаад түүнд "үгүй" гэж хэлсэн, яагаад уурласныг нь ч бас ойлгож байгаагаа хүүхдэдээ хэлэх хэрэгтэй. Түүнд уурласан үедээ та өөрийгөө хэрхэн тайвшруулдаг тухайгаа хэлж өгөхөө мартуузай. Бас түүнийг аз жаргалтай инээж байсан ч, уурлаж уцаарлан муухай аашилж байсан ч түүнд маш их хайртай хэвээрээ байдгаа заавал хэлээрэй.

Энэ бүхний эцэст хүүхдээ дагуулан цааш явна даа.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

Хүмүүжлийн эерэг аргууд: Юу? Яаж?

X
Нэвтрэх