fbpx

Харшил

image

ШҮҮДЭСТ ЭМЗЭГШИЛ /ДИАТЕЗ/

Сүүлийн үед агаарын бохирдол ихсэж, хооллолт болон амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс хүүхдийн харшил өвчин ихсэх хандлагатай боллоо.

Хүүхдийн харшил өвчнөөс ялангуяа хөхүүл насны хүүхдэд түгээмэл тохиолддог нь шүүдэст эмзэгшил юм.

Энэ өвчний үед хүүхдийн бие махбод хүнс тэжээлийн зүйлд хэт мэдрэмтгий болж, улмаар биеийн эсэргүүцэл нь суларч өвчлөлд амархан өртөх ба арьс, салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна.

ШҮҮДЭСТ ЭМЗЭГШИЛ ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛДӨГ ХАЛГААТ ХҮЧИН ЗҮЙЛС

  • Эцэг эхээс дамжиж удамшсан харшилд өртөмтгий байдал,
  • Эхийн жирэмсэн үеийн хордлого, ханиад,
  • Эхийн архаг өвчнүүд,
  • Эхийн жирэмсэн үедээ хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан зэрэг нь нөлөөлнө.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Хүүхэд 4 кг-аас илүү жинтэй, хөөнгө төрөх,
  • Зулайдаа их хагтай, хаг нь дахин дахин гарч тархах хандлагатай,
  • Арьсны нугалааснууд чихний ар, хүзүү, тахимаар амархан нурж улайдаг,
  • Хөмсөг орчмын хогжруутаж, хуурайшсан,
  • Хүүхэд халууцахаар хацрын арьс улайж, загатнах ба гараараа үрж маажсанаас хэсэгчилсэн тууралт гарах,
  • Тууралт даамжран тархаж биеийн янз бүрийн хэсгээр давхайж хуурайших, маажсан үед халдвар орж идээлж болно.
  • Хүүхэд тайван бус уйламтгай болж эсэргүүцэл суларснаас ханиад, суулгалт зэрэг өвчнөөр амархан өвдөх.

ШҮҮДЭСТ ЭМЗЭГШИЛТЭЙ ХҮҮХДИЙН АСАРГАА

  • Шүүдэст эмзэгшлийг эхчүүд хөхний сүүний хордлого гэж ойлгон хүүхдийг эрт хөхнөөс гаргах нь буруу юм. Эхийн сүү бол хүүхдэд хамгийн тохиромжтой цорын ганц хоол тул та хүүхдээ заавал хөхөөр нь хооллоорой.
  • Харин ээж өөрөө хоолны дэглэм баримталж чихэрлэг зүйл, шоколад, кофе, халуун ногоо зэрэг харшил үүсгэгч хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь юунаас ч илүү чухал.
  • Хөхүүл хүүхдийг арай хожуу нэмэгдэл хоолонд оруулах ба анхны нэмэгдэл хоолыг будааны зутангаар эхэлж 7-8 сартайгаас нь эхлэн бор хоол өгнө.
  • Хүүхдийг өдөр бүр усанд оруулж арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгаж зориулалтын нунтгийг түрхэх,
  • Зулайн хагийг вазелин, хүүхдийн зориулалтын тос түрхэж зөөлрүүлсний дараа савантай усаар угааж арилгах,
  • Хүүхэд загатнасан газраа маажиж, шархлуулахаас сэргийлж гарт нь бээлий өмсгөх,
  • Нойтон тууралттай, загатнаа ихтэй үед эмчийн заавраар борын хүчлийн 2%, резорцины 1-2%-ийн уусмалаар шавшлага хийх хэрэгтэй. Харин дур мэдэн янз бүрийн тос түрхлэг хэрэглэж болохгүй. Энэ нь өвчнийг улам сэдрээж цаашид эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг тул эмчилгээг заавал эмчийн заавраар хийгээрэй.
  • Хүүхдийг бэгнэхгүй, ерөнхийдөө сэрүүвтэр орчинд бойжуулж, цэвэр агаарт тогтмол гаргаж чийрэгжүүлэх нь эмийн эмчилгээнээс илүү чухал юм.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

  • Эхчүүдийн жирэмсэн үеийн хоолны дэглэм, эрүүл мэндийн байдлаас ихээхэн шалтгаалах тул юуны түрүүнд эрүүлжүүлэх эмчилгээг хийлгэх нь зүйтэй.
  • Жирэмсний сүүлийн саруудад харшил үүсгэгч хоол хүнсийг хэрэглэхгүй байх,
  • Ажил амралтаа зохицуулан сайн амарч, цэвэр агаарт тогтмол гарах,
  • Онцын шаардлагагүй бол эм тариа, ялангуяа антибиотик хэрэглэхгүй байх,
  • Архи уух, тамхи татах зэрэг хорт зуршлыг цээрлэх зэргээр эх та эрүүл байж чадвал таны хүүхэд шүүдэст эмзэгшил өвчнөөр өвдөхгүй байж болно.

Эх сурвалж: "Хүүхдийн харшлын өвчин буюу шүүдэст эмзэгшил" гарын авлага

Зөвлөх: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллага

X
Нэвтрэх