fbpx

Мэдээ, мэдээлэл

image

2005 онд эхнэр, охин хоёртойгоо хамт амарч байсан Гордон Хартман нэгэн зүйл анзаарсан нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гэдэг.

Тэр үед 12 настай байсан охин Морган нь усан санд хүүхдүүд бие бие рүүгээ хийлдэг бөмбөг шидэн тоглохыг харж байжээ. Тэрээр тэдгээр хүүхдүүдтэй хамт тоглохыг хүсч буйг Хартман анзаарсан аж.

Аутизмын эмгэгтэй Морган хүсч буй зүйлээ тодорхой илэрхийлэх чадваргүй учраас хүүхдүүдийн тоглож байсан бөмбөгийг замаас нь цохиж, тэдэнтэй хамт тоглох хүсэлтэй байгаа гэдгээ өөрийнхөөрөө илэрхийлсэн аж. Гэтэл хүүхдүүд шууд л усан сангаас гараад яваад өгчээ.

Гордон Хартман: “Саяхан юм шиг л тод санаж байна. Морган над руу эргэн, Аав аа, би ойлгохгүй байна. Би зүгээр л хамт тоглох гэсэн шүү дээ гэсэн харцаар харж билээ.” хэмээн дурсжээ.

Тэрээр усан сан руу орон, охинтойгоо хамт тоглосон ч түүний толгойноос болсон явдал ер гараагүй аж.

Хартман усан санд болсон явдлын талаар ахин дахин эргэцүүлэн бодсон ба түүний охин Морган, хөгжлийн бэрхшээлтэй бусад хүүхдүүд болон насанд хүрэгчид чанга дуу чимээ, тод гэрэл зэргээс болж эрүүл нэгэнтэй адил хөгжилдөн, зугаацаж чаддаггүй талаар боджээ.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай холбогдон хүүхдээ хаашаа дагуулж явдаг талаар нь асуусан аж. Хартман, “Ихэнх нь хүүхдүүдээ дагуулж очих газар олддоггүй учраас гэртээ л байдаг даа гэж хариулсан” хэмээв.

Биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг Best Buddies International байгууллагын үүсгэн байгуулагч Энтони Шривер хүртэл түүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй цагаа зугаатай өнгөрүүлж болох газар байхгүй болохыг түүнд хэлжээ.

Барилгын бизнес эрхэлж байсан Хартман үл хөдлөх хөрөнгийн компани, үл хөдлөх хөрөнгө барьцаалах компани, толгой компани болон даатгалын компаниа зарж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилго бүхий "The Gordon Hartman Family Foundation" сангаа байгуулжээ.

Тэрээр эрүүл, эмгэгтэй хүмүүсийг ялгахгүйгээр бүх хүнд үйлчлэх соёл амралтын хүрээлэн барихаар шийдсэн ба уг төсөлдөө хөрөнгө оруулагч хайж эхэлсэн аж. Хэд хэдэн хүн түүний төслийг дэмжихээ илэрхийлж, Хартман нийт 36 сая ам. доллар цуглуулж чаджээ.

Бүх зүйл нь нэг дороо багтсан соёл амралтын хүрээлэнгийнхээ бүтээн байгуулалтын 36 сая ам. долларын  хөрөнгийг 3 жилийн турш цуглуулж, нарийн мэргэжлийн эмч  мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны хүчинд "Морганы Гайхамшгийн орон" 2010 онд Сан Антонио хотод нээлтээ хийжээ.

Эрүүл хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт тоглох болов уу гэсэн ганц асуулт Хартманы толгойд эргэлдсээр байв. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус соёл амралтын хүрээлэнгээр АНУ-ын 50 муж, дэлхийн 69 улсаас 1 сая гаруй хүн ирж  үйлчлүүлсэн нь түүний асуултын хариу юм.

Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд "Морганы Гайхамшгийн орон"-г үзэхээр  алс холын Швед улсаас 8529 км туулан хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд ирсэн аж.

Гордон Хартман соёл амралтын хүрээлэнгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэж тодорхойлохоосоо илүү бүхнийг багтаасан, цогц парк гэдэг.

Тэрээр, “Манай соёл амралтын хүрээлэнгийн хаалгаар орж ирж буй 4 хүн тутмын 3 нь эрүүл, 1 нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байдаг.” хэмээн ярьжээ.

Түүний хэлж байгаагаар Моникагийн Гайхамшгийн оронд 80-90 настай хөгшчүүлээс авахуулаад эмч сувилагчийн хараа хяналтан дор өдөрт хэдхэн цагийг гадаа өнгөрүүлэх боломжтой өвчтэй хүүхдүүд ч хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой гэнэ.

Тус соёл амралтын хүрээлэн бусдаасаа ялгаатай нь энд ямар ч хийлдэг бөмбөг зардаггүй (чимээ шуугианд мэдрэг хүүхдүүдэд зориулж), ямар ч анивчих гэрэл байхгүй (таталт өгөх магадлалтай хүүхдүүдэд зориулж), флюресцент гэрэл байхгүй (гэрэлд мэдрэг хүүхдүүдэд зориулж) мөн хоолны хатуу дэглэмтэй үйлчлүүлэгчид өөрсдийн идэж уух зүйлсээ авч орж болох аж.

10.1 га талбай бүхий тус хүрээлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилдэг ба тэргэнцэртэйгээ сууж болох савлуур, алсыг харагч, галт тэрэг, морин тойруулга зэрэг тоглоомуудтай аж.

Хартманы хэлж байгаагаар парк ашиг  олдоггүйгээр зогсохгүй жилд 1 сая ам. долларын алдагдалтай ажилладаг гэнэ. Соёл амралтын хүрээлэн иргэд, албан  байгууллагуудын хандивын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг ба Хартманы хувьд үүнээс илүү зүйл хүсдэггүй гэнэ.

Тэрээр, “Надад амьдралын үнэ цэнийг ойлгуулсан охин минь байгаа учраас би энэ дэлхийн хамгийн азтай хүн” хэмээн ярьжээ.

22 жилийн турш барилгын бизнес эрхэлсэн Хартман "Морганы Гайхамшигт орны" гол гүйцэтгэгчээр ажилласан ба паркийн дизайн, инженерийн шийдэл, архитектур, барилгын ажлыг бүгдийг нь хянасан аж.

Сан Антонио хотод зун маш халуун болдог учраас Хартман болон түүний багийнхан усан парк барихаар шийдсэн ба хандиваар цугларсан 17 сая ам. доллараар өнгөрсөн жилийн зургаадугаар сард Morgan’s Inspiration Island усан паркийнхаа нээлтийг хийжээ.

24 настай Морган: "Морганы Гайхамшигт орон" нийгэмд ямар их ач холбогдолтой болохыг ойлгохгүй байгаа ч өөрийнх нь нэрээр нэрлэгдсэнд маш баяртай байдаг" гэнэ.

Хартманы ажлын өрөөнд инээж буй хүүгийн зураг байх ба уг зургийг захидлын хамт  хүүгийн эцэг эх Хартманд илгээжээ.

Тэд захидалдаа хүү нь "Морганы Гайхамшигт орон"-д ирэхээсээ өмнө хэзээ ч ингэж инээмсэглэж байгаагүй болохыг бичиж, талархаж байгаагаа илэрхийлжээ.

Гордон Хартман, “Эцэг эх, асран хамгаалагчдын инээмсэглэл, талархлын үг хамгийн сайхан байдаг. Тэд хилийн чанадаас Морганы Гайхамшгийн оронд ирж үзэх гэж бүх л өдөржингөө онгоцоор нисч ирдэг. Би тэдгээр хүмүүсээс нэг зүйлийг байнга асуудаг. Тэр нь энд ирсэндээ сэтгэл хангалуун байна уу гэж. Одоог хүртэл хэн ч надад үгүй гэж хариулж байсангүй.” гэжээ.

Илүү олон зургийг ЭНДЭЭС үзнэ үү.

Сэтгүүлч С.Заяа

 

X
Нэвтрэх