fbpx

Эрүүл мэнд

image

Аль ч шимэгч хорхой хүүхдийг өвчлүүлж болох боловч хамгийн элбэг тохиолддог, манайд сүүлийн жилүүдэд ихэсч байгаа хялгасан хорхой өвчний тухай та бүхэн мэдэх нь чухал юм.

ХЯЛГАСАН ХОРХОЙТОХ ӨВЧИН

Өвчин үүсгэгч нь цагаан өнгөтэй, нарийхан хялгас шиг хорхой юм. Эмэгчин хорхойн урт 9-12 мм, эрэгчин нь 3-4 мм, хошууны хэсэгтээ соруултай, түүгээрээ хүүхдийн нарийн гэдэсний хананд бэхлэгдэнэ. Гэдэсний доторх зүйлээр хооллодог.

Хүүхдийн гэдсэн доторх хялгасан хорхой хэдэн зуун мянгаараа байх ба эмэгчин нь шөнө гадагшилж маш олон тооны өндөг гаргана. Хорхой өндөглөх үедээ маш их хөдөлгөөнтэй тул загатнаж, хүүхэд маажин хуруу хумсандаа өндгийг наалдуулж, бохирдсон гараа амандаа хийх, юм барьж идэх зэргээр өндгийг буцаагаад залгидаг байна. Ийм маягаар өөрөө өөртөө дахин халдварлуулна. Үүнээс гадна өндөг хүүхдийн биеэс орны хэрэглэл, хувцас, шалан дээр унадаг.

Тэгээд хуурай цэвэрлэгээний үед тасалгааны шороо тоостой хамт амьсгалын замаар орж, улмаар өндөг залгигдан халдварлаж бас болно. Хялгасан хорхой хүүхдийн биед механик гэмтэл ба хортой нөлөө үзүүлдэг.

Гэдэсний салстад хорхойн шигдсэн газар улайж шалбаран үрэвсэнэ. Охидод бүр ч их эрсдэл дагуулдаг.

Халдварын эх уурхай нь өвчтэй хүүхэд бөгөөд хүүхдийн тоглоом хэрэглэл, хүнсний зүйлээр дамжин халдварлах нь маш хурдан тул гэр бүлийн гишүүдэд, түүнчлэн ясли, цэцэрлэг, сургууль зэрэг хүүхэд олонтой газар түргэн тархана.

ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Орой, шөнө болохоор хүүхдийн хярзан орчмоор загатнах болон хэвлийгээр өвдөх, хоолонд дургүй болох, заримдаа залхагтай суулгах шинж илэрдэг. Толгой өвдөх, толгой эргэх, нойронд муудах, тайван бус, цочромтгой болох ч ажиглагдана.

Сэжигтэй шинж тэмдэг илрэх даруйд эмчид хандан шинжилгээ өгч, зөвхөн эмчийн хяналтад эмчлүүлэх хэрэгтэйг анхаараарай.

ЭЦЭГ ЭХИЙН ХИЙЖ БОЛОХ АРГУУД

  • Ариун цэвэр-эрүүл ахуйн горим сахиж, хүүхдийн хумсыг авч, гарыг нь савантай бүлээн усаар сойздон угааж байх.
  • Шөнө хүүхдийн гар, цагаан хэрэглэлийг бохирдуулахгүйн тулд нягт эдээр хийсэн урт өмд өмсгөж унтуулбал сайн. Өглөөд тэр өмдийг нь угааж, сайтар индүүдэн, шөнө дахин цэвэр өмд өмсгөнө.
  • Орой бүр хүүхдийн салтаа, бөгсийг угааж, цэвэрлэх бургуй тавьбал гэдэсний доод хэсэг рүү бууж ирсэн хялгасан хорхой зайлуулагдаж, хярзан орчим загатнах нь намжина.
  • 2-3 хоног тутам цагаан хэрэглэлийг угааж индүүднэ.

Дээр дурдсан аргуудаар эргэн халдахыг зогсоож чадвал сарын дараа л хорхойгүй болдог ажээ.

Сармисаар бургуйдаад хялгасан хорхой арилахгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: "Шимэгч хорхойтох өвчин" гарын авлага

Зөвлөх: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллага

X
Нэвтрэх