fbpx

6 нас

image

Энэ насанд хүүхдийн хэл яриа хөгжиж, хийсвэрлэн сэтгэх, үгийг үндсэн буюу бодит утгаар нь ойлгохоос гадна салаа утга, егөө утга зэргээр ойлгож, үгийг хэл яриандаа хийсвэр утгаар хэрэглэж эхэлнэ.
Эх хэлний үгийн баялаг нэмэгдэж, санаа бодлоо бусдад ойлгуулж, зөв илэрхийлэх чадвартай болно. Хэл ярианы чадвар эрчимтэй хөгжиж энэ насанд ойролцоогоор 2500 гаруй үгийн нөөц сантай болдог гэсэн судалгаа байдаг.

Хүүхдийн үгийн нөөц сан арвин бол сэтгэхүй сайн хөгжихөөс гадна аман болон бичгийн харилцаандаа үгээр гацаж дутахгүй, санаа бодлоо бүрэн гүйцэд, ойлгомжтой илэрхийлэх болно.

Хүүхдийнхээ үгийн баялгийг нэмэгдүүлэх олон арга зам бий. Тухайлбал:

  • Ном уншиж өгөх, ялангуяа уран зохиолын номоос үгийн баялаг нь нэмэгдэнэ.
  • Тайлбар толь үзэх, хүнээс үг асуух, үг бүлэглэж болно. Хүүхэдтэйгээ цас орох гэсэн үгийг баяжуулан "цас лавсан орох, цас малгайлан орох, цас шууран орох, цас хунгарлан орох,цас хаялан орох, цас будран орох, цас хялмаалан орох" зэргээр бүлэглэж болно.

Хэл яриа хөгжих тусам хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирч, сэтгэхүй нь хөгжиж байдаг. Нэг шинэ үг сурна гэдэг шинэ ойлголт, ухагдахууныг мэднэ гэсэн үг.

Энэ насны хүүхдийн хэлний нэг гэм нь худал хэлэх, ширүүн үг хэлэх, өөр хоорондоо хэрэлдэх зэрэг алдас их гаргадаг. Иймд тэдэнд "Хуурах - худалчийн зээ, хумслах - хулгайчийн зээ" гэдэг үгийн утгыг сайтар сургах нь чухал.

Тэдний хэл сэтгэхүйн хувьд юмыг буй байдлаар нь хүлээн авах бодит сэтгэхүйгээс хийсвэрлэх сэтгэхүйд шилжих ба ургуулан бодох, төсөөлөн бодох, харьцуулан жиших зэрэг хийсвэрлэх сэтгэлгээ хөгжинө. Хүний нэр төр, авьяас чадвар, ёс суртахууны холбоотой асуултад хариулт хайж эхэлнэ.

Энэ насны хүүхэд уншсан, сонссон зүйлээсээ өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц, шог үг, егөө үгийн утгыг зөв ухаарахаас гадна хэрэглэж сурна. Хийсвэр нэр, тухайлбал бодол сэтгэл, зөн совин, хайр дурлал, үзэл санаа, мэдрэмж төсөөлөл, бэлгэдэл, нүгэл буян, жаргал зовлон гэх зэрэг үгийг хэрэглэх болно.

Хүүхдийг эх хэлэнд нь зөв сайн сургаж байсан ардын уламжлалаас хэрэгжүүлээрэй. Монголчууд хүүхдийг хэлд орохоос нь эхлэн хурц тод хэлтэй, уран яруу яриатай хүн болгохын тулд "үгэн наадм" хэмээх тоглоомын бүхэл бүтэн төрлийг бий болгосон юм.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх