Мэдээ, мэдээлэл

image

Та бүхэнд баяр наадмын мэнд дэвшүүлэхийн ялдамд бяцхан үрсэд эрсдэл учрахаас сэргийлэх зөвлөмж хүргэж байна.

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр борооших төлөвтэй байгаа тул үерийн эрсдлээс сэргийлэн хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаараарай.

ЭЦЭГ ЭХ, АХ ЭГЧ, ЭМЭЭ ӨВӨӨ ТА БҮХЭНД

Баяр наадмын үеэр хүүхдийг эрсдлээс хамгаалах энгийн аргуудыг зөвлөе!

  • Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, ойчиж бэртэхээс сэргийлэх,
  • Наадмын өдрүүдэд борооших төлөвтэй тул аль болох гол нуурын ойролцоо хүүхдээ тоглуулахгүй байх /зориулалтын саванд ус хийн эргээс хол байрлуулж хүүхдээ усанд тоглуулж болно/
  • Үер буух эрсдэлтэй газар нутагт буудаллан амрахгүй байх, /хот сууринд шуудуу орчим, хотгор газар үерлэх эрсдэлтэй/
  • Машиндаа хүүхэд зорчуулах үед заавал зориулалтын суудалд суулгаж хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших,
  • Халуунд бага насны хүүхдийг машинд хараа хяналтгүй үлдээхгүй байх,
  • Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг стандартын дагуу хангах, морины хөлд ойр газраар бага насны хүүхдээ байнга хөтөлж, эсвэл тэвэрч явах,
  • Өөрөө хүүхэдгүй хүн байсан ч бяцхан үрсэд учирч болзошгүй эрсдлийг илрүүлсэн даруй зогсоох арга хэмжээ авах нь ухамсарт иргэний үүрэг.

ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙ ба НААДАМЧ ХҮҮХЭД

Ил задгай худалдаанаас сав баглаагүй, баталгаат хугацаа, хадгалалтын горим тэмдэглээгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх.

Бага насны хүүхдэд мөнгө өгч өөрөөр нь хүнсний худалдан авалт хийлгэж эрсдэлд оруулахгүй байх,

Худалдан авснаас хойш хадгалалтын горим алдагдсан хүнсийг хэрэглэхгүй байх /аливаа хоол бэлтгэснээс хойш гурван цагийн дотор хэрэглэх заалттай бөгөөд халуун нөхцөлд түүнээс ч богино хугацаанд нян бактер үржих орчин болдог/

Хүүхдийг хооллохоос өмнө гар болон ам орчмыг нь тусгай ариутгагчтай самбайгаар арчиж цэвэр усаар зайлах,

Зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагаас хоол хүнс худалдан авах.

НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ

Хүүхдээ биед эвтэйхэн, нимгэн хувцаслах /сэрүүсэх үед нэмэлт хувцас өмсгөх/

Нарны малгай өмсгөх,

Хүйтэн бүлээн усыг ойр ойрхон, бага багаар уулгах,

Нарны хамгаалалттай тос түрхэх,

НАРШСАН ҮЕИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

Зүрхний цохилт түргэсэх, хамраас цус гарах,

Нүд харанхуйлах, хүүхэн хараа өргөсөх,

Хөлрөхгүй болж арьс халж улайх,

Толгой эргэх, өвдөх,

Ухаан балартах, бөөлжих,

Булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧИРВАЛ

Хүүхдийн бие эвгүйцсэн үед шинж тэмдгийг нь маш хянуур ажиглаад наршилт, хоолны хордлогын болон бусад шинж тэмдгүүд, хурц өвдөлт, харшлын шинж илэрвэл тохирсон анхан шатны тусламжийг үзүүлэн шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Бусад эрсдлийн үед мөн адил дур мэдэн эм тан уулгах, биед нь чанга ширүүн хүрэх зэргээс зайлсхийн яаралтай тусламжийн төвд хандахыг зөвлөж байна.

Айл өрх бүр амгалан сайхан наадаарай!

X
Нэвтрэх