Ээж, аавуудад

image

Дам тамхидалт гэдэг нь тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Тамхи үйлдвэрлэгчид үүнийг арай гоёчлон орчны тамхидалт ч гэж нэрлэдэг.
Ялангуяа битүүмжлэгдсэн орчин тамхины утаагаар бохирдоход тэнд байгаа тамхи татдаг болон татдаггүй бүх хүмүүс хорддог. Үүнийг өөрөөр сайн дурын бус буюу идэвхгүй тамхидалт ч гэнэ.

ДАМ ТАМХИДАЛТЫН УТААНААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ ТУХАЙД

Агааржуулагч болон агаар сорогч төхөөрөмж, салхивч, үнэр дарагч зэргийн аль нь ч өрөө тасалгаан доторх дам тамхидалтын утааны түвшинг багасгаж, хүн амьсгалж болох эрүүл түвшинд хүргэж чаддаггүй ажээ. Зөвхөн 100% тамхигүй орчин нь л үр дүнтэй хамгаалж чаддаг.

Тамхинд агуулагдах хорт нэгдэл болох никотин, бохь, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис үс, хувцасанд дор хаяж нэг цаг агуулагддаг. Тэгэхээр тамхи татаад удаагүй байгаа хүн хүүхдэд хүрэлцэж болохгүй гэсэн үг.

Түүнчлэн тамхи татсанаас хойш хэдэн минутын турш таны амьсгалаар тамхины хор гарсаар л байдаг. Тиймээс энэ үед хүүхэд тэвэрвэл утаа биш ч тамхины хороор амьсгалуулна гэсэн үг юм шүү. Энэ нь гэртээ татаагүй ч хүүхдээ тамхины хорноос бүрэн хамгаалж чадахгүй гэсэн үг юм.

Гэртээ тамхи татдаг бол тамхины утаа, тамхины үнэр  гэрт удаан хадгалагддаг. Таны хүүхэд тамхины хорт утаа шингэсэн шалан дээр мөлхөж, тамхины хорт утаа шингэсэн  тоглоомоор тоглож, тамхины хорт утаа шингэсэн бүхэнтэй харьцаж байгаа гэдгийг анхаараарай.

Машиныхаа цонх хаалгыг онгойлгоод  тамхи татсан ч тамхины хорт утаа шингэж үлддэгийг мэдэх нь зүйтэй.

ТАМХИ БА НЯЛХСЫН ГЭНЭТ НАС БАРАХ ХАМ ШИНЖ

Нялхсын гэнэт нас барах хам шинж гэдэг нь нялх хүүхэд шалтгаан тодорхойгүйгээр амьдралын эхний жилдээ эндэх юм.  Хөгжиж буй орнуудад дам тамхидалтаас болж нялхсын гэнэт нас барах хам шинж ихсэж байна.

  • Жирэмсэн үеийн тамхины хэрэглээ нь нялхсын гэнэт нас барах хам шинж үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
  • Нярай хүүхэд дам тамхидалтанд өртсөнөөр нялхсын гэнэт нас барах хам шинжээр эндэх эрсдэл нэмэгдддэг.
  • Тамхинд агуулагдах химийн хортой нэгдлүүд нярай хүүхдийн тархинд нөлөөлж, нярайн амьсгалын үйл ажиллагааг саатуулдаг.
  • Нярайн гэнэт нас барах хам шинжээр эндсэн хүүхдийн уушгинд никотин болон котинин хэмээх никотины задралын явцад үүсэх хорт нэгдэл ихээр хуримтлагдсан байдаг байна.

ХҮҮХДЭД УЧРУУЛАХ БУСАД АЮУЛ

Хэрвээ таны хүүхэд дам тамхидалтанд  өртөж байгаа бол  ханиад, астма, цээжний, чихний халдварт өвчинд илүү өртөмтгий байх болно.  Сонсгол муудах,  улмаар дүлий болох аюултай.  Нялх хүүхдүүд тамхины утаагаар амьсгалж байгаа нь нярайн гэнэт үхлийн хам шинжийг нэмэгдүүлсээр байна.

Ердөө нэг мг никотин хүүхдийг шууд өвчлүүлэхэд хангалттай тун. Гэтэл нэг ширхэг тамхинд 13-30 мг никотин агуулагддаг.

ШИЛДЭГ АРГА ЗАМ

Тамхинд агуулагдах хорт бодисоос хүүхдээ хамгаалах хамгийн сайн арга бол тамхинаас гарах юм. Тамхинаас гарахад өрхийн эмч, эрүүл мэндийн зөвлөхүүд гэх мэт тамхинаас гарах зөвлөмжийг маш олон эх сурвалжаас авах боломжтой.

Та өөрөө тамхинаас гарсан хэдий ч найз нөхөд гэр бүлийн гишүүн чинь тамхи татдаг бол тэдэнд ч бас туслаарай. Хэн нэгэн таны гэрт, эргэн тойронд чинь, гадаа байсан ч хамаагүй таны болон бусдын хүүхдийн эргэн тойронд тамхи татахыг бүү хүлээн зөвшөөр.

Хэрэв тамхи татдаг хэн нэгэн таны хамаатан, найз нөхөд хүүхдийг чинь тэврэхийг хүсвэл тэднээс тамхины хорт утаа шингэсэн гараа угааж, хувцасаа сольсны дараа хүүхдэд чинь хүрэхийг зөвшөөрөөрэй. Ингэж байж энэ хороос хүүхдээ хамгаалж чадна.

 ТОО БАРИМТ

Дам тамхидалтын нөлөөгөөр 7000 гаруй химийн нэгдэлээр тамхи татдаггүй хүмүүс хорддог.  Эдгээр химийн нэгдэлээс 100 гаруй нь хавдар үүсгэдэг байна. 1964 оноос хойш тамхи хэрэглэдэггүй 2,5 сая хүн дам тамхидалтын нөлөөгөөр нас барсан гэсэн судалгаа байдаг ажээ. Энэхүү судалгаанд бүртгэгдээгүй  тохиолдолууд ч бас байгаа билээ. Мөн дам тамхидалтаас болж зүрхний титэм судасны эмгэг, цус харвалт, уушигны хавдарын өвчлөл нэмэгдэж байна.

Дам тамхидалт зүрхний шигдээсийн өвлөлийг 20-30% аар нэмэгдүүлдэг байна. Түүгээр зогсохгүй жилд  8000 орчим хүн дам тамхидалтаас болж зүрхний шигдээсээр нас барж байна. Мөн цус, цусны судсыг гэмтээж, зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан өвчлөл болон зүрхний шигдээс тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: poison.org, samahospital.com, doctorpro.mn, 103.mn

X
Нэвтрэх