fbpx

Хүүхдийн хооллолт

image

-Хүүхдийн зөв хооллолт-

Хүүхэд эрүүл саруул өсч бойжихын тулд тогтмол цагт зөв хооллох хэрэгтэй. Ялангуяа 2-6 нас буюу сургуулийн өмнөх насанд нь хүүхдийг зөв, тогтмол цагт хооллож сургах нь ирээдүйн амьдралынх нь хэв маягийг зөв тодорхойлж өгдөг. Хүүхдийн хооллолтод анхаарах хамгийн гол зүйл бол тухайн хүнсний бие махбодын хэрэгцээг хангах витамин аминдэм, эрдэс бодис, уураг, нүүрс ус болон тослог зэргийг агуулж байгаа эсэх юм.

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН
Хүүхэд өдөрт 2-3 аяга сүү уух буюу тараг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байгаа тохиолдолд хоолонд нь тараг, ээдэм зэргийг хольж өгч болно.

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН
Хүүхдийн өдөрт хэрэглэвэл зохих махны хэмжээ 100 гр байдаг бөгөөд дотор нь агуулагдах эрдэс бодисын хэмжээ алдагдах тул махыг хуурч өгөх нь зохимжгүй байдаг. Маханд агуулагдах төмөр болон уураг нь хүүхдийн өсөлтөд нэн хэрэгцээтэй. Үүнээс гадна селен, фосфор, иод зэрэг эрдэс агуулдгаараа хүүхдэд загасны мах идүүлэх нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжилд ихээхэн ач холбогдолтой байдаг байна.

ЖИМС НОГОО
Хамгийн их шим тэжээлтэй хүнс нь жимс, ногоо байдаг бөгөөд хүүхдэд улиралд нь тохирсон жимс ногоо идүүлэх хэрэгтэй. Жимсийг үд, оройн хоолнуудын дунд өгөх нь чихэр, шоколад идэхгүй байх боломж нөхцөл бүрдүүлдэг байна.

ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН
Гурилан бүтээгдэхүүнээс бид ихэвчлэн талх хэрэглэдэг бөгөөд бүхэл үрийн буудайн гурилаас хийгдсэн талхыг сонгож хүүхдэд өгөх нь хамгийн тохиромжтой байдаг байна. 7 хоногт 2-3 удаа буурцган бүтээгдэхүүн зайлшгүй идүүлнэ.

ШИНГЭН
Хүүхдэд шингэнүүдээс ус л хангалттай байдаг байна. Цай нь кафейн болон чихэр агуулдаг тул хүүхдэд тохиромжгүй. Хоол хүнсэнд давс бага хэрэглэх нь зүйтэй байдаг. Учир нь хүнсний бүтээгдэхүүний найрлагад давс ихээр ордог. Давс хэрэглэхдээ харин иод агуулсан давсыг сонгож байгаарай. Давсыг их хэмжээгээр хэрэглэх нь ирээдүйд өндөр цусны даралттай болох эрсдэлийг үүсгэнэ.

Хооллолт хоорондын хугацаа 4 цаг байна. Өглөөний цай, үдийн хоол болон оройн хоол өгнө. Завсар зайнд печень, чихэр, шоколад идүүлэх нь хоолны дуршил бууруулах учир аль болох эдгээрээс зайлсхийгээрэй.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх