Боловсрол

image

Эцэг эх болгон хүүхдээ ямар нэгэн онцгой авьяастай байгаасай гэж хүсдэг нь нууц биш. Тэгвэл бидний тэрхүү хүсээд байдаг авьяас билгийн талаар хүүхдээ шинжихэд тань тус болох үүднээс товчхон хүргэе.

Шууд хүртэхүйн зөн билиг,  нэг мэдлэгээс нөгөө мэдлэгт дамжин хүрэх гэсэн хоёр замаар хүн юмс үзэгдлийг танин мэддэг гэж үздэг.

Танин мэдэх энэ замыг хэрхэн дамжин туулж байгаа байдлаар тухайн хүүхдийг тэрхүү зүйлд авьяастай эсэхийг мэдэж болдог байна.

Хүүхэд зүтгээд байгаа зүйлдээ хэрхэн хандаж байна, яах гээд байна гэдгийг ялгаж салгавал авьяасыг тодорхойлж болно.

Дур хүсэл ба авьяас билгийн гол шинж бол тэд өөрийн гэсэн "руу"-тай байдагт оршино. Өөрөөр хэлбэл заавал нэг юм руу чиглэсэн байдаг. Жишээ нь сайхан зураг "руу".

Дур хүслийн хувьд хүүхдийн дотроос тухайн зүйлд өдөөн түлхэгч байдаг бол авьяас билгийн хувьд "руу" нь тэр зүйл хүүхдийг өөртөө татаж байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл дур хүслийн "руу" нь хүн ямар нэг зүйлийг хүсч тэмүүлэх утгыг заадаг байхад авьяас билгийн "руу" нь тухайн зүйл өөрөө хүн рүү тэмүүлдэг утгыг заадаг. Түүнчлэн авьяас билиг бол бусдыг өөртөө биш, харин өөрөө аль нэг ахуйд нэгдэн орших гэсэн тэмүүлэл, цаад ахуй нь өөрт минь орших гэсэн хоёр талын тэмүүлэл мөн.

Гэтэл дур хүсэл бол ямар нэг ахуйг өөртөө нэгтгэх гэсэн нэг талын шунал хүсэл байдаг. Цаад юм нь түүний эрхэнд оршихыг хүсэх эсэх нь тодорхойгүй байна гэсэн үг шүү дээ.

Жишээ дурьдвал энэ адармаатай ойлголт илүү ойлгомжтой болно. Нэгэн хүү зургийг зурахыг хүсч байхад нөгөө нь зургийг булааж авахыг хүссэн байна. Хэнд авьяас байна гэдэг нь тодорхой байгаа биз?

Гаднаас нь харахад эхлээд ялгахад бэрх. Адилхан л сайхан зүйл рүү зүтгэсэн хоёр хүүхэд байдаг. Харин уйгагүй ажигласнаар ээж аав, багш зэрэг насанд хүрэгчид үүнийг ялгаж таних боломжтой.

АВЬЯАС ЯМАР ТӨРӨЛТЭЙ ВЭ?

Авьяасыг сэтгэц мэдрэмжийн уг сурвалжаар нь ангилбал дараах байдалтай. Үүнд:

1.Хэл, өгүүлэхүйн мэдрэмжид суурилсан авьяас

  • Яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичих...
  • Жүжиглэх, хошигнох, уран илтгэх.

2. Хараа, орон зайн мэдрэмжинд суурилсан авьяас

  • Зурах, сийлэх, барих, уран барилга, загвар зохион бүтээх...
  • Техник, технологи, дизайн зохион бүтээх...

3. Хөдөлгөөн, тэнцвэрийн мэдрэмж, булчингийн санах ойд суурилсан авьяас

  • Бүжиглэх, уран нугарах, циркт жүжиглэх, загвар өмсөх...
  • Гүйх, барилдах, харвах, харайх, буудах, сэлэх, сагс тоглох...

4. Хэмнэл, сонсголын мэдрэмжид суурилсан авьяас

  • Хөгжим тоглох, ая зохиох...
  • Дуулах, реклам сурталчилгаа...

5. Логик, харилцааны мэдрэмжинд суурилсан авьяас

  • Шатар тоглох, тоо бодох, шинжлэх ухаан, танин мэдэхүйд дрлах, хоол хийх, удирдах...
  • Худалдаа, бизнес эрхлэх, амьтан сургах, хүн асрах, эмчлэх, багшлах...

Эх сурвалж: "Аав, ээжийн ном" /Хүүхдийг ивээх сан/

X
Нэвтрэх