fbpx

Хүмүүжил

image

Жил ирэх тусам бяцхан үрээ өсөж том болж буйг харах дээдийн жаргал. Харин тэдний хувьд хорвоо дэлхийг танин мэдэхийн зэрэгцээ нийгэм хэмээх сонирхолтой зүйлд хөл тавих хугацаа нь ойртсоор байдаг.

5-6 настнуудын хувьд гэр бүл, анги бүлэг, нутаг ус, үндэстэн зэрэг түүхэн нийтлэгийн ухамсар төлөвшиж эхэлж байдаг.

Тэд насанд хүрэгчидтэй байнга харилцаж эхэлснээр ёс суртахууны хэм хэмжээ, гэр бүл, олон нийтийн газар явах, баярт оролцох дуртай байх нь элбэг.

ЗААЖ ЗААВАРЛАХ ДУРТАЙ БОЛНО

Багш, насанд хүрсэн хүний шаардлага зөв гэдэгт нотолгоо шаардалгүй итгэдэг төдийгүй тэднийг даган дуурайх хандлагатай байдаг. Мөн өөрийн гаргасан алдааг бие даан засах оролдлого хийдэг. Алдаа, амжилтын тухай хийсвэрээр төсөөлөн бодож, сайнд эрмэлзэх, алдаанаас урьдчилан сэргийлэх чадвар бага зэрэг хөгжин, бусдад зааж, зааварлах дуртай болсон байна.

НӨЛӨӨ, БАЙР СУУРИА ӨСГӨХИЙГ ЭРМЭЛЗЭНЭ

Зөвхөн сонирхлын дагуу бус, хүйс, нас, анги бүлэг, нийгмийн гарал, яс үндэс, төрөл төрөгсдийн хамаарлаас үүдсэн нөхөрлөлийг үнэлэх болно. Бүлгийн доторх өөрийн болон бусдын байр суурь, нөлөөллийг хүлээн зөвшөөрөх боловч энэ нь өнгөцхөн байж, өмнөх насныхныг бодвол үерхэлдээ төдийлөн үнэнч бус байна. Өөрийн нөлөө, байр суурийг өсгөхийг ямагт эрмэлзэх бөгөөд боломжгүй тохиолдолд гүнзгий эмзэглэнэ, хаширна. Иймд та зан ааш өөрчлөгдлөө, хүмүүжилгүй боллоо хэмээн хэтэрхий зэмлэн хашрааж болохгүй шүү. Тэдний нас л ийм гэж ойлгон тайван хүлээн аваарай.

"Би түүн шиг болно" гэсэн сэдлээр бусдыг даган дуурайх, орчноос суралцах хандлага хүчтэй болно. Өмнөх насныхныг бодвол энэхүү дуурайлт нь харьцангуй бодитой бөгөөд өөрийн хүч, бололцоонд ямар нэг хэмжээгээр тулгуурласан байна. Нөхцөл байдлаас хамааран гэр бүл, ойр дотнын хүмүүсээ өрөвдөх, дургүйцэх, сайшаах, шүүмжлэх нь их болно.

Ёс суртахууны ихэнх, эрх зүйн харилцааны зарим учир шалтгаан, түүний зайлшгүйн талаарх ойлголт нэмэгдэнэ. Үүнд өөрийгөө зохицуулан "илүү зөв" гэж үзсэн үнэлгээ, дүр байдлаар баримжаалан асуудалд хандах байдал зонхилно. Энэхүү байр суурь ба мэдрэмж нь сайн муу, сайхан муухайгийн талаар өөрийнх нь хуучин ойлголтоос зөрсөн тохиолдолд сэтгэцийн хувьд хямарна. Шинэ дүр байдал, үйлдэл хөдөлгөөн, орчин нөхцөлийг эрэлхийлнэ.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ҮР ДАГАВРЫГ ОЙЛГОЖ ЭХЭЛНЭ

Өөрийн болон, бусдын дүр байдал, зан үйлийн талаар хангалттай төсөөлөл, мэдлэгтэй болсон байна. Барьц алдан тэвдэх, үнэлэмжийн эндүүрэлд орох нь багасах бөгөөд хувь хүн болон бүлгийн зан үйл, сэтгэл хөдлөлийн үр дагаврыг урьдчилан төсөөлж, ялган ойлгодог болсон байна.

Хүний сэтгэлийн хөдөлгөөн, өөрт нь хандах хандлагыг ойлгож, өөрийн хэрэгцээ, ашиг сонирхлын үүднээс үнэлэх, дүгнэлт хийх чадвартай болно.

Өөрийн тухай үнэлгээ харьцангуй бодитой болж, өөрийн хүч бололцоог зөв үнэлэх шинж илэрнэ. Өөртөө итгэх байдал харьцангуй суларч, бусдаас хараат байх нь ихсэх болно. Сурах, хийх идэвх санаачилга нэмэгдэнэ. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг бодит байдалд тулгуурласан хэлбэрээр бусдад ойлгуулахыг хичээнэ. Өөрийн хийсэн зүйл, ажил, үйлсийг бусдаар зөв үнэлүүлэх, үр дүнгээ бодитоор шаардах болно.

Дээрх бүх өөрчлөлтүүдийг мэдэж авсан эцэг эх та түүнийг зөв төлөвшилд чиглүүлэх хариу үйлдэл хийж эерэг аргаар хандаарай.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном" /Хүүхдийг ивээх сан/

X
Нэвтрэх