fbpx

Хүүхдийн хооллолт

image

Ихэнх хүүхэд тав хүртэлх насандаа ногоонд дургүй байдаг ч өсч буй хүүхдийн бие махбодод зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисууд жимс ногоонд агуулагддаг.

Жимс ногоо эрдэс бодисоор баялаг. Түүний дотор жимсэнд төмөр их агуулагдана. Мөн цус бүтээхэд оролцдог зэс хангалттай хэмжээгээр байдаг тул зэсийн дуталд орж цус багадахаас сэргийлнэ. Бусад амин дэмүүдээс гадна ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд пектиний бодис, эслэг, органик хүчил, эфирийн тос, идээлүүлэгч, үнэртэн, өнгө оруулагч, фитонцид зэрэг бодис агуулагддаг. Эдгээр бодисуудын онцлогуудыг товч дурьдвал:

ПЕКТИН

Ходоод гэдэсний замыг бүрхэн, салстыг гадны хорт бодисуудаас хамгаалдаг.

ЭСЛЭГ

Хоолны зүйл гэдэсний замаар чөлөөтэй явахад тусалж, өвчин үүсэхээс хамгаалдаг нянгийн өсөлтийг дэмждэг. Цадах мэдрэмжийг эрт төрүүлж, хэт их идэх, таргалалтаас сэргийлнэ. Гэвч бага насны хүүхдэд шинэ жимс жимсгэнийг нэг дор их хэмжээгээр өгөхөд хоолыг хэт хурдан хөөдөг тул суулгахад нөлөөлдөг. Иймд бага насны хүүхдэд нэг дор хэт их жимс өгч болохгүй.

ОРГАНИК ХҮЧИЛ

Алим, нимбэгний хүчил үүнд орно. Эдгээр нь хоол боловсруулах шүүсний ялгарлыг нэмэгдүүлж, гэдэсний хөдөлгөөнийг идэвхижүүлэн бодисын солилцоог сайжруулна.

ИДЭЭЛҮҮЛЭГЧ БОДИС

Үрэвслийн эсрэг үйлчилж, гэдэсний хөдөлгөөнийг удаашруулдаг тул идээлүүлэгч бодис ихтэй анар, тэс, хурма жимсийг суулгалтанд өгдөг.

ЭФИРИЙН ТОС

Жимс, ногоог төрөл бүрийн амт, үнэртэй болгож, хоолны дуршлыг сайжруулан, хоол боловсруулах шүүсний ялгарлыг нэмэгдүүлдэг.

ФИТОНЦИД

Ногоон навчит яншуй, зорхдос, цоохор майлз, ногоон сонгино, саримс, бөөрөнхий сонгинод их хэмжээтэй байдаг. Энэ бодис нянгийн эсрэг үйлчлэлтэй тул уг бодисоор баялаг жимс, ногоог амьсгалын замын хурц үрэвсэл их гардаг хавар, намрын улиралд түлхүү хэрэглэх нь зүйтэй. Мөн жимс, ногоо байгалийн цэвэр усыг агуулна. Зарим жимсний 90-95 хувь нь ус байдаг.  Иймд ногоо, жимсийг хүүхдэд тогтмол өгснөөр шингэний хэрэгцээг хангаж, цангааг нь тайлж, энгийн усны илүүдлээс сэргийлдэг.

Хүнсний ногоо ходоодны шүүс ялгаруулах, цөс хөөх, цөс үүсэх үйл ажиллагааг идэвхжүүлснээр хоолны уураг, өөх тосны шингэцийг сайжруулж өгдөг. Ногоо шүлтлэг чанартай тул биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой.

Хүнсний ногооны найрлагад агуулагдах төрөл бүрийн аминдэм нь ногоог боловсруулж чанахад их хэмжээгээр алдагддаг тул зарим ногоог /байцаа, лууван, манжин гм./ хүүхдэд сайтар угааж, цэвэрлэж өгөхөөс гадна зууш бэлтгэж өгөх хэрэгтэй. Түүхийгээр өгөх ногоог сайтар зажлан идэх хэрэгтэй гэдгийг хүүхдэд зааж өгөөрэй.

Хүнсний ногоо хүүхдийн бие махбодын төрөл бүрийн амин дэм, ялангуяа С аминдэмийн хэрэгцээг хангах гол эх үүсвэр юм. Ногооны найрлагад байдаг С амин дэм нь бусад органик хүчил, эрдсийн бодисуудтай нэгдмэл байдаг тул дан С аминдэмийг бэлдмэл хэлбэрээр хэрэглэснээс илүү ашигтай.

Мөн фолийн хүчил, магни, төмөр, зэс, эслэг, нүүрс ус, уураг зэрэг бодисын эх үүсвэр болно.

Эх сурвалж: "2-10 насны хүүхдийн хооллолт"

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /АУ-ны доктор/

X
Нэвтрэх