fbpx

Хүүхдийн хөгжил

image

1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэж та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойрог ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд долоо хоногт нэг цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0.5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ.

Түүнчлэн өдөрт хэдэн цагийг зурагт, компьютерийнхаа урд өнгөрөөдөг хүүхэд нуруу нугасны өвчтэй болдог.
Нэгэн сонирхолтой судалгааг хүргэхэд, Калифорнийн их сургуулийн судлаачдын хийсэн шинэ судалгаагаар хүүхдүүд ухаалаг төхөөрөмжөөр хэт их тогловол архаг ядаргаанд орж, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тодорхойлох чадваргүй болдгийг тогтоов.

Тодруулбал эрдэмтэд хэсэг хугацаанд хүүхдүүдээс ухаалаг төхөөрөмжийг нь хураан авахад ямар үр дүнд хүргэхийг судалжээ. Америкийн нэгэн сургуулийн зургаадугаар ангийн сурагчдыг хоёр бүлэг хуваасан байна. 51 хүүхдээс бүрдэх нэг баг Лос-Анжелосоос холгүй байрлах лагерьт тав хоногийг ямар ч утас, электрон төхөөрөмжгүй өнгөрөөжээ. Харин нөгөө бүлгийн 54 хүүхэд ухаалаг төхөөрөмжөө үргэлжлүүлэн ашиглаж байсан юм.

Судалгааны эхэнд болон төгсгөлд хоёр бүлэг зураг, бичлэгүүдээр дамжуулан бусдын сэтгэл хөдлөлийг таних тест бөглөсөн юм. Судлаачид хүүхдүүдэд аз жаргал, гуниг гутрал, уур хилэн, айдас зэрэг янз бүрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн 48 зураг үзүүлж, хүүхдүүдийн үзэл бодлыг хуваалцав.

Эцэст нь ямар ч ухаалаг төхөөрөмж хэрэглээгүй бүлгийн хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг таних нь сайжирсан нь анзаарагджээ. Судалгааны өмнөх тестээр 14 хувийн буруу хариулт өгсөн эдгээр хүүхдүүдийн тав хоногийн дараах үзүүлэлт 9 хувь хүртэл буурсан юм. Харин ухаалаг төхөөрөмж хэрэглэсэн хүүхдүүдэд ямар ч өөрчлөлт гараагүй байна.

Гэхдээ ухаалаг төхөөрөмжүүдийн хүүхдүүдэд үзүүлэх эерэг нөлөө бас бий. Телевизийн тусламжтайгаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд цагаан толгойн үсгээ тогтоож, сургуулийн насныхан байгаль орчны тухай мэдлэгээ тэлж, эцэг эхчүүд нь мэдээллийг цаг тухайд нь авдаг. Тэдгээрийг зөв ашиглаж чадвал хүүхдэд сөрөг биш эерэг нөлөө үзүүлэх юм.

Массачусетсийн Технологийн дээд сургуулийн Шинжлэх ухаан, технологи, нийгмийн профессор Шери Терклийн хийсэн судалгаагаар ухаалаг төхөөрөмж хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлдэг байна. Гэхдээ үүний тулд эцэг эх хүүхдээ саатуулах зорилгоор биш эсрэгээрээ хүүхдийн хөгжилд нөлөөлөх програмуудыг суулгаж өгснөөр дээрх үр дүнд хүрэх юм.

Анхаарал:

  • Ухаалаг гар утасны дэлгэцийн өөр өөр өнцгөөс гарч ирэх дүрсний тусламжтайгаар таны хүүхэд ямар нэгэн зүйлд хурдан, шуурхай хариу үйлдэл үзүүлнэ.
  • Өнгөний мэдлэгээ дээшлүүлэх. Үүний тулд та бийр, харандаа гэх зэргийг ашиглан зураг зурдаг програмуудыг суулгаж өгснөөр өнгө ялгаж сурна.
  • Сонсголын хөгжил. Хэрэв таны хүүхэд ухаалаг гар утсаар хүүхэлдэйн кино үзэх, тоглоом тоглож байхад дууг нь унтраах эсвэл хэт битгий аяархан болгоорой. Аудио дохионы хослол хүүхдийн сонсголын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг гэнэ.
  • Үсэг болон тоо цээжлэх. Хүүхэд ухаалаг гар утсаар оролдсоноор үсэг, тоог аяндаа өөрөө цээжилдэг байна. Ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн хөгжилд сөрөг болон эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь та хүүхдээ ухаалаг төхөөрөмжөөс хараат байлгахгүйг хичээж, түүнийг хэрэглэх зориулалт, цагийг хянах хэрэгтэй.

Төгсгөлд нь эцэг эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж байхыг зөвлөж байна. Ингэснээр та хүүхдийнхээ ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх