3-5 нас

image

Хүүхэд тодорхой хэмжээгээр айх мэдрэмжтэй байх нь элдэв эрсдлээс өөрийгөө хамгаалан сэргийлэхэд тустай. Харин энэ нь хэт хүчтэй бол тэдний үйл ажиллагаа, цаашилбал хөгжлийг хязгаарлах муу талтай. Тэгээд ч 3-4 настай хүүхэд бодит байдлаас хэт хөндий хийсвэрээр сэтгэх буюу бодит байдлыг өөрийнхөөрөө дэврүүлэн хүлээж авахдаа бусад насны хүүхдээс илүү байдаг.

Айдсаа давж гарахад нь дараах байдлаар хүүхдэдээ тусалж болох юм.

БОДИТ БАЙДЛЫГ ОЙЛГУУЛАХ

Гурав, дөрвөн настнуудын толгойд хүрээлэн буй орчин, хүмүүсийн тухай элдэв бодол эргэлдэж, заримдаа түүнээсээ айх, санаа зовох нь бий. "Аймхай дөрвөн нас" гэсэн үг ч байдаг. Тэд заримдаа бодит байдал, төсөөлөн бодсоноо ялгаж салгаж чадахгүй хольж хутгах тал ч бий. Тэгэхээр юунаас айдгийг нь хүүхдээсээ асууж, цаг зав гарган тухтайхан ярилцаж, бодит байдлыг ойлгуулаарай. Гэхдээ хүүхдийн зөн мэдрэмж их гэдгийг үгүйсгэж боломгүй.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙР БАЙХ

Нялх, бага насны хүүхдийн хувьд асарч хамгаалдаг ойр дотны хүн нь орхиж явах, ойр байхгүй тохиолдолд айдаг. Энэ нь тэдний сэтгэл санааг нэн тавгүйтүүлдэг төдийгүй хожим ямар нэг зүйлээс айдаг болох ул мөрийг үлдээдэг ажээ. Иймд ээж аав нар нялх, балчир хүүхдийг ганцааранг нь орхилгүй, ойр байж, нөмөр нөөлгөө үзүүлж байх нь чухал.

ХҮҮХДЭЭ СОНСОХ

"Үүнээс айх хэрэггүй" гэж сургамжлахын оронд хүүхдээр өөрөөр нь айж байгаа зүйлийнх нь талаар яриулаад, тэвчээртэй, соргогоор сонсоно. Ярианаас нь тэд юунд баярладаг, юунаас айдаг, юу хүсдэг нь мэдэгдэнэ. Ингээд санаа зовж, айж эмээж байгаа зүйлийг нь яриулж, санаагаа нэмэрлэж хэлнэ. Үүнээс л хүүхэд өөрийн асуудалд эцэг эх нь сэтгэлээсээ хандаж байна гэдгийг ухаарч, өөрийгөө үнэлэх мэдрэмж авна. Энэ нь хүүхэд зоригтой болоход хувь нэмэр оруулах юм.

ЗОРИГЖУУЛСАН ҮГ ХЭЛЭХ

Хүүхдийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн зоригжуулахад тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Ялангуяа аймхай хүүхдэд зоригжуулсан үг ус агаар шиг хэрэгтэй.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном" /Хүүхдийг ивээх сан/

X
Нэвтрэх