Эрүүл ахуй

image

Та бяцхан охиныхоо чихэнд ээмэг зүүлгэхийг хүсэж байна уу? Эсвэл хүүхэд тань адтай сэргэлэн зангаараа ээж шигээ ээмэг зүүмээр байна гэж гомдоллож байна уу? Энгийн амархан мэт сонсогдох ч эрсдэлтэйд тооцогдох уг үйлдлийг хийхэд тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

ХҮҮХДИЙГ НЯРАЙ ҮЕД НЬ ЧИХИЙГ НЬ ЦООЛОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Зарим улс үндэстнүүдийн хувьд дөнгөж төрсөн хүүхдийн чихийг цоолох уламжлал байдаг ба энэ нь тухайн хүүхэд ирээдүйд эрүүл чийрэг байхыг бэлгэддэг байна. Хэрвээ таны хүүхдийн эрүүл мэнд сайн, ямар нэгэн асуудалгүй бол хүүхдийнхээ чихийг нярайд нь цоолуулах тухай эмчтэй ярилцаж үзэж болох юм.

 ХҮҮХДИЙН ЧИХИЙГ ЦООЛУУЛЖ БОЛОХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА ХЭЗЭЭ ВЭ?

Хүүхдийн чихийг цоолуулснаар олон асуудалтай тулгарч болох учир эцэг эхчүүд үүнээс сэргийлж тохиромжтой цаг үеийг хайж байдаг. Хүүхдийнхээ чихийг хэзээ цоолуулах нь таны сонголт байж болох ч хүүхдээ зургаан сар хүртэл нь хүлээх нь зөв гэж эмч нар зөвлөдөг аж. Харин үүнээс өмнө хүүхдийн дархлааны систем хангалттай хөгжөөгүй байдаг  байна. Мөн та яаралгүйгээр хүүхдээ өөрөө шийдвэр гаргахуйц том болтол нь хүлээж ч болох юм.

ХҮҮХДИЙН ЧИХИЙГ ХЭНЭЭР ЦООЛУУЛАХ ВЭ?

Хаана хэнээр хүүхдийнхээ чихийг цоолуулж байсныг ойр дотныхон, найз нөхөд, хамаатан саднаасаа асууж зөвлөгөө аван хамгийн сайн газар очих нь зүйтэй. Мөн шаардлага хангахуйц эмнэлэгийн нөхцөлд эмчээр цоолуулах нь эрсдэлгүй байж мэдэх юм.

ХҮҮХДИЙН ЭЭМГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Хүүхдэдээ тохирсон зөв ээмгийг сонгож өгөх нь маш чухал. Ээмэг нь хурц өнцөггүй байх ёстой ба хавтгай, жижигхэн, дугуй хэлбэртэй мөнгөн эсвэл алтан ээмэг байх нь аюул багатай гэж шинжээчид зөвлөдөг байна. Учир нь хувцас, ороолт, малгай зэрэгт гогдогдоод байхааргүй загвар сонгох нь шинээр цоолуулсан чихний шарх хурдан эдгэрэхэд дөхөм гэж үздэг.

ЧИХИЙГ НЬ ЦООЛУУЛАХАД ХҮҮХДЭЭ БОЛОН ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

Эхлээд та хүүхдийнхээ биеийн байдлыг ажиж элдэв зовиур, эсвэл дархлаа нь сул байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ ямар ч асуудалгүй гэж үзвэл хүүхдийнхээ наснаас хамаарч чих цоолуулах өдрөө өмсөх хувцасаа бэлд. Тайлахад толгой нь бариу биш чөлөөтэй, тухтай байх хувцасыг нь өмсүүл. Чихээ цоолуулсныхаа дараа хоёул амттай юм иднэ, гоё ээмэг авч зүүнэ гэх зэргээр амлалт өгч хүүхдээ тайвшруулж ч болох юм.

ХЭРХЭН ЧИХ ЦООЛДОГ ВЭ, ИХ ӨВДӨХ ҮҮ?

Чихийг зүүгээр, мөн харандааны балаар цоолдог үе байсан. Гэвч орчин үед чих цоолдог бууг ихэвчлэн ашиглах болсон. Та аль ч аргыг сонгож хүүхдийнхээ чихийг цоолуулж болно. Гэсэн ч хамгийн чухал зүйл нь чих цоолоход ашиглагдах багаж хэрэгслүүд ариун цэврийн шаардлага хангасан, дээд зэргээр ариутгасан байх ёстойг мартаж болохгүй. Өвдөлтгүйгээр чихээ цоолуулах арга байхгүй гэдгийг хүүхэддээ ойлгуулж, удахгүй эдгэнэ гэдгийг сануулах нь зүйтэй.

ЧИХЭЭ ЦООЛУУЛСНЫХ НЬ ДАРАА ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

  • Хүүхдийнхээ чихийг хоёр хоногт нэг удаа ариутгагч шингэн, спирт ашиглан ээмгийг нь авалгүйгээр чихний омгийг нь ар өвөргүй зөөлөн арчиж цэвэрлэ.
  • Чихээ цоолуулсных нь дараа дор хаяж нэг сар ээмгийг нь сольж, эсвэл тайлж авахгүй байхыг хичээ.
  • Хэрвээ чихээ цоолуулсны дараа хүүхэд чинь халуурч, чих нь хавдаж, идээ бээр гарвал түргэхэн эмнэлгийн байгуулгад хандаж зохих арга хэмжээ авуулах шаардлагатай.

Эх сурвалж: parenting.firstcry.com

Сэтгүүлч О.Хандмаа

X
Нэвтрэх