Мэдээ, мэдээлэл

image

Нэг удаагийн хуванцар хэрэгслийн хог хаягдлын хор уршиг сүүлийн үед маш ихээр яригдах болсон. Улс орнууд хуванцар хог хаягдлын асуудлыг ганц хэвлэл мэдээллээр хөндөөд зогсохгүй засгийн газрын түвшиндээ хэлэлцэж эхлээд байгаа билээ.

Нэг удаагийн хуванцар хог хаягдалд хүүхдийн нэг удаагийн живх ч багтаж байгаа юм. Нэг удаагийн живхэнд  полипропилен, полиэтен зэрэг хуванцар ордог нь байгальд бүрэн задрах хүртлээ 500 жил болдог байна.

Байгаль орчны бохирдол болон эдийн засгийн хэмнэлт зэрэг нь олон тооны эцэг эхчүүдийг хүүхдэдээ дахин ашиглах  боломжтой даавуун живх сонгоход хүргэж байгаа аж.

Их Британичууд л гэхэд өдөрт 8 сая живх хэрэглэдэг ба эдгээрийн ихэнх нь хогийн цэг дээр хаягддаг байна. Судалгаагаар 90-ээд оны сүүлээр нийт эцэг эхчүүдийн 2 хувь нь даавуун живх хэрэглэдэг байсан бол одоо 30 гаруй хувь нь олон дахин ашиглах боломжтой даавуун живх хэрэглэдэг болсон нь тогтоогджээ.

Орчин үед даавуун живхний сонголт өргөн болоод зогсохгүй хэрэглэгчид төрөл бүрийн өнгө, хэмжээ, материалтай живхнүүдээс сонголтоо хийх боломжтой болсон байна.

Олон дахин ашиглах боломжтой живх худалдаалдаг The Nappy Lady цахим дэлгүүрийн захирал Уэнди Ричардсийн хэлж байгаагаар цахим дэлгүүрээр нь үйлчлүүлэгсдийн тоо өнгөрсөн жил 80 хувиар нэмэгдсэн ба 2018 он эхэлснээс хойш ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэх шаардлагатай болжээ.

Мөн адил үйлчилгээ явуулдаг Bambino Mio компанийн борлуулалт өнгөрсөн жил 50 хувиар нэмэгдсэн ба тус компаниас мэдээлж байгаагаар эцэг эхчүүдийн 30 гаруй хувь нь хуванцар ороогүй бүтээгдэхүүн сонгохыг эрмэлзэх болсон гэнэ.

Тус компанийн төлөөлөгч Викториа Уиллиамс, “Хуванцар сав, гялгар уут зэргийг дахин боловсруулж болдог бол нэг удаагийн живхийг дахин ашиглах ямар ч боломжгүй.” хэмээн онцолж байна.

Эцэг эхчүүд угааж хэрэглэдэг живхийг илүүд үзэх болсон бас нэг шалтгаан нь эдийн засгийн хэмнэлт юм. Их Британийн Ноттингхэмшир мужийн захиргаанаас хийсэн судалгаагаар даавуун живх хэрэглэснээр нэг гэр бүл жилдээ 200 фунт стерлинг хэмнэдэг болохыг тогтоожээ. Ногоон намын орлогч дарга Амэлиа Вомак, “Даавуун живх хэрэглэснээр британичууд жилдээ 360 сая фунт стерлинг хэмнэхээс гадна хог хаягдлаас ангид нийгэм цогцлоох нэг алхмыг хийх юм.” хэмээн онцолсон байна.

Сэтгүүлч С.Заяа

X
Нэвтрэх