fbpx

Хүүхдийн хооллолт

image

-Эхийн сүүний ач тус-

Эхийн сүү нь хүүхэд төрөхөөс 6 сар хүртэл хэрэглэх хамгийн төгс хоол юм. Хүүхэд 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллох нь түүний хэрэгцээг дангаар хангаж чаддаг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд цус багадалт үүсдэггүй. Учир нь эхийн сүүний найрлагад хангалттай хэмжээний төмөр агуулагддаг. Эхийн сүүгээр хооллосноор хүүхэд сэтгэл зүйн хувьд ч маш тайван байдаг бөгөөд юманд итгэх сэтгэл бий болно.

Төрсний дараагаар ялгарах эхийн уураг нь суулгалт, ханиалга, ханиад болон бусад өвчнүүдээс хүүхдийг хамгаалах анхны вакцин нь юм. Эхний өдрүүдэд уураг нь хүүхдийн хэрэгцээг бүрэн хангадаг бөгөөд энэ үед хүүхдэд ус, хар цай, үхрийн сүү зэрэг нэмэлт тэжээл өгөх хориотой байдаг байна.

Хүүхэд эхний 6 сар зайлшгүй эхийн сүүгээр хооллох шаардлагатай. Эхийн сүүнд витамин, эрдэс бодис, уураг, тослог, төмөр зэрэг хүүхдэд зайлшгүй шаардлагатай  бодисууд хангалттай агуулагддаг учир нэмэлтээр үхрийн сүү өгөх хориотой байдаг байна. Үүнээс гадна эхийн сүүнд ус их хэмжээгээр байдаг тул аагим халуун өдөр ч хүүхэд эхийн сүүгээрээ усны хэрэгцээгээ хангаж чаддаг байна. Эхийн сүү хүүхдийг тайвшруулж шингэц сайтай байдаг бөгөөд эхийн сүүгээр хооллодог хүүхдийн гэдсэнд хий дүүрэх нь бага байдаг байна.

Хүүхэд эхийн сүүг хангалттай авч чаддаггүй байх тохиолдолд 4 сартайгаас нь нэмэлт бор хоолонд оруулж болно. Үүнд, чанасан өндөгний шарын 1/8-ийг өгч эхлэх бөгөөд маш бага багаар дасгаж өдөр өдрөөр нэмж өгсөөр 5 сартайд төмс, лууван, хулууны зутан шөл болон жимсний нухаш зэргийг 1 халбагаар өгч бага багаар хэмжээг нь нэмж өгч дасгана.

6 сартайгаас нь хоолонд татсан мах хийж идүүлж дасгаснаар хүүхэд бор хоолонд бүрэн орно. Бор хоолонд орсон ч хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр давхар хооллоно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх