fbpx

Ээж, аавуудад

image

Ургаа модыг хайрлан хамгаалахын учир утга ус, хөрсийг хамгаалахтай нягт уялдаатай гэдгийг бараг бүх эцэг эх мэднэ. Харин энэ удаа үр хүүхдэдээ ойр орчимдоо мод бутгүй газар ганцаар ургасан сондгой буюу ганц модны тухай ярьж өгөхөд тусламж болохуйц мэдээлэл хүргэж байна.

Монголчууд нутаг уснаас хамааралгүй нийтлэг байсан нэгэн уламжлал бол ганц нэгээр ургасан онцгой содон мод, хэсэг бусаг бут модыг ихэд хүндэтгэх явдал юм. Онцгой содон модыг удган мод, шанш мод, саглагар мод гэх зэргээр нэрлэн хадаг яндар уян шүтэж, мөчрийг авах гэмтээх байтугай заримдаа ойртож очихыг цээрлэдэг. Зарим зан үйлд бөө мод, их хаалга хэмээн нэрлэх нь бий. Энэ нь сүсэг бишрэлийн шинжтэй харагдавч ганц болон цөөн мод үрээ ойр орчимдоо хаяж, олшрон үржих нөхцлийг хангах холын хараатай заншил юм. Иймд нийлэг эдээр хийсэн сүүлийн үеийн хадаг сэлтийг уяж зангидах нь сөрөг талтайг анхаараарай.

Онцгой сүрлэг модод нь нааш цааш явах замын аянчдад зүг чиг, газрын байц дохио тэмдэг болж байснаараа замын овоотой ойролцоо. Эдгээрт говийн элсэн дундах өнчин ганц мод, онцгойрч ургасан хэсэг бусаг модод, булгийн эхэнд ургасан мод, хуурайшиж өгөршсөн мод буюу хүн дүрстэй, араатан амьтан мал адгуусын дүрст модод багтана. Хүмүүс ийм моддоос дуу чимээ, гэрэл гэгээ гардаг, элдэв совин илэрдэг гэж үзэн эмээж, холуур тойрон гарах нь түгээмэл.

ГАЗАР ДЭЛХИЙГ АМИНЧЛАХ СЭТГЭЛГЭЭ

Сондгой ургасан өнчин ганц мод, онцгойрч ургасан хэсэг бөөндүү мод, булаг усны эхэнд ургасан болон хуурайшиж өгөршсөн мод, онцгой тунгалаг устай горхи булгийн эхэнд ургасан мод, тэрчлэн бүр эртнээс нааш тахиж ирсэн уул, ус бүхий газрын модонд тусгай эзэд орогнодог гэж төсөөлдөг. Иймээс сондгой ургасан ганц модны доор суух, ойрхон явж өнгөрөхөөс цээрлэх ба өгөршиж гандсан модонд гар хүрдэггүй заншилтай.

Мод ургамлын тухай эдгээр ойлголт нь газар дэлхийг амьдчилах сэтгэлгээ төсөөллөөс улбаатай юм.

Голын эргийн мод, ганц содон модыг огтлоход гол ус татран, ойр орчмын газар хатдаг болохыг ажиглаж эртнээс нааш нэг дор ургасан цөөн, эсвэл сондгой ганц, өтгөн саглагар модыг огтлохыг хориглох болжээ. Мөн "Ой модон олон боловч үндэс нэгэн хэлхээтэй" хэмээн захад  ургасан модыг сэвтээвэл тэр хэлхээ тасарч, ой модыг бүхэлд нь хөнөөж магадгүй гэж болгоомжлох ажээ.

Эх сурвалж: "Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан" У.Эрдэнэтуяа

X
Нэвтрэх