fbpx

Эрүүл мэнд

Америкт хийсэн судалгаагаар залуусын дундах цусны донорын талаарх буруу ойлголтыг залруулж, цусаа өгөх нь ямар ач холбогдолтойг ойлгуулж чиглүүлэх нь донорын эгнээг залуусаар өргөжүүлэх хамгийн үр дүнтэй арга гэжээ.

Тиймээс бид залуусын дунд цусны донорын талаарх ойлголт ямар байдаг талаар тэднээс сонирхож “Цусны донорын талаар юу мэдэх вэ?”, “Сургуульд энэ тухай заадаг уу?” гэсэн асуултад хариулт авлаа.

Тэдний ярианаас цусны донорын талаар ерөнхий ойлголт байдаг хэдий ч зөвхөн зурагт, цахим хуудас зэргээр дамжуулан олж авдаг, Их сургуульд болсон аяны үеэр л мэддэг болсон гэх зэрэг нь хамгийн их анхаарал татаж байсан юм.

Учир нь сургуульд “Цусны эргэлтийн тогтолцоо”, “Цусны бүтэц” гэсэн сэдвийн дагуух хичээлүүд л ордог юм байна. Тэгэхээр хүүхдэд цус гэж юу болох тухай заадаг болохоос цусыг хэрхэн ашигладаг, бодит амьдралд хүмүүст цусны хэрэгцээ их байдаг талаар тодорхой зааж сургадаггүй аж.

Б.БОЛОРТУЯА 113-Р СУРГУУЛИЙН 9Г /14 НАСТАЙ/

-Цусны донорын талаар юу мэдэх вэ?

-Сар бүрийн гуравны өдөр цусаа өгөх өдөр болдог тухай сонссон. Сайн дураараа цусаа бэлэглэж, хүний амь авардаг хүмүүс гэж боддог. Хэрвээ тийм хүмүүс байгаагүй бол хүн амын тоо буурах байсан байх даа.

-Сургуульд энэ тухай заадаг уу?

-Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр сургууль дээр цусны донортой холбоотой лекц орсон.

Б.НОМИН-ЭРДЭНЭ 113-Р СУРГУУЛИЙН 9Д АНГИ /14 НАСТАЙ/ 

Цусны донорын талаар юу мэдэх вэ?

Сайн дураараа, бусдад тусалдаг хүмүүс гэж ойлгодог . Сургууль дээр цусаа өгөх өдөр гэж болж байсан тэр үед л анх энэ талаар сонссон юм байна. Гэхдээ манай аав өмнө нь жилдээ 2-3 удаа цусаа өгдөг байсан.

Сургуульд энэ тухай заадаг уу?

Цусны бүтэц, цус гэж юу болох, хүний биед ямар үүрэгтэй гэх мэт зүйлсийг хичээл дээр ордог. Цус артери, венийн судсаар дамждаг, дөрвөн бүлгийн цус байдаг талаар орж байсан.

Б.ХИШИГЖАРГАЛ СХД-ИЙН 62 ДУГААР СУРГУУЛИЙН 12А АНГИ /17 НАСТАЙ/

-Цусны донорын талаар юу мэдэх вэ?

-Цусны донор хүн гэдгийг би бусдад амьдрал бэлэглэдэг хүн гэж ойлгодог. Зөвхөн сайн дураараа л цусаа бэлэглэдэг байх. Бусдад амьдрал бэлэглэдэг гэдгийг мэдсэнийхээ дараа донор болох тухай бодох болсон. Ер нь их сургуульд ороод цусаа бэлэглэнэ ээ.

-Сургуульд энэ тухай заадаг уу?

-Хичээл дээр цусны донорын тухай орж байгаагүй. Харин Facebook ухаж байгаад энэ тухай мэдээлэл олж авч байсан. Ямар шаардлага хангах ёстой, тэд хэн болох гэх мэт мэдээллүүдийг интернетээс л олж авсан.

О.ДОРЖ 21 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 12 ДУГААР АНГИ /17 НАСТАЙ/

Цусны донорын талаар юу мэдэх вэ?

Осол аваарт орсон хүмүүст тун яаралтай хэрэг болдог учраас донорууд их чухал хүмүүс. Хүн нэг удаа цусаа өгөхөд олон хүний амийг аварч болдог гэж сонсож байсан.

Сургуульд энэ тухай заадаг уу?

Сургуульд Биологийн хичээл дээр цусны бүлгийн тухай хичээл орж байснаас донорын тухай, цус өгөх талаар байдаггүй. Киноноос л цусны донор, цусны хэрэгцээний тухай үзэж байсан юм байна.

Д.ЭНХМАНЛАЙ АМГАЛАН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 12-Р АНГИ /17 НАСТАЙ/

Цусны донорын талаар юу мэдэх вэ?

Буянтай ажил гэж боддог. Хүнд амьдрал бэлэглэдэг болохоор буянтай л ажил. Монголд их түгээмэл байдаг гэж сонссон. Гол нь донор хүн эрүүл байх ёстой.

Сургуульд энэ тухай заадаг уу?

Биологийн хичээл дээр ийм бүлгийн цус гэж байдаг, ингэж хүний биеэр дамждаг гэх мэтээр онол талаас нь тайлбарладаг болохоос цусны донор болох тухай, яаж цусаа өгдөг, ямар ач холбогдолтой гэх мэт бодит амьдрал дээр шаардлагатай зүйлийг зааж өгдөггүй.

Ө.ТҮМЭНДАРЬ МУИС-ИЙН НЭГДҮГЭЭР ТҮВШИН /18 НАСТАЙ/

-Цусны донорын талаар юу мэдэх вэ?

-Цусны донор бол их чухал хүмүүс. Ердөө 350 мл цусаа өгөөд гурван хүний амийг авардаг гэсэн судалгаа байдаг тухай уншиж байсан. Амьдрал бэлэглэж, сайн үйл хийж байгаа хүмүүс гэж боддог. Сар болгоны 3-ны өдрийг цусаа өгөх өдөр болгож зарласан байдаг болохоор бид дөрөвдүгээр сарын 3-ны өдөр оюутан залуусыг цусаа бэлэглээсэй гэж “Нэг зүрх” аяныг зохион байгуулсан.

Энэ хугацаанд бараг 270 гаруй хүүхэд цусаа бэлэглэсэн. Гэхдээ би өөрөө жингээр тэнцээгүй болохоор өгч чадаагүй ээ.

-Сургуульд энэ тухай заадаг уу?

-Дунд сургуульд сурч байхад цус гэж юу болох талаар л Эрүүл мэндийн хичээл дээр цухас дурдаад өнгөрч байсан. Тэрнээс тэнд очиж цусаа өгөөрэй, цус өгөхийн тулд ийм байх ёстой гэх мэт зүйлсийг зааж байгаагүй. Сая “Нэг зүрх” аяны үеэр л энэ тухай тодорхой ойлголттой болсон.

Бидэнтэй ярилцсан хүүхдүүдийн хувьд бүгд л “Бүх шаардлагыг хангаж байвал цусны донор болохдоо баяртай байна” хэмээж байлаа. Хэдийгээр сургуульд энэ тухай нарийн заадаггүй ч хүүхдүүд өөрсдөө төрөл бүрийн эх сурвалжаар мэдээлэл олж авчээ.

Харин цусны донор болоход яг ямар шаардлага хангах ёстой, хаана очиж өгөх тухай нарийн мэддэг ганцхан хүүхэд байсан юм. Түүнчлэн тэдний ярианаас сонсоход цусны донор хүн гэдэг буянтай, сайн дурын гэх мэт тодорхойлолттой энгийн хүмүүсээс өөр хүмүүс мэтээр төсөөлдөг нь харагдаж байв.

Хамгийн гол нь эрүүл биетэй, 17 насанд хүрсэн, 45 кг-аас дээш жинтэй хүн бүхэн цусны донор болж болно гэдгийг ойлгуулах нь нэн түрүүний ажил аж. Ингэж байж залуу үе маань цусаа бэлэглэх боломжтой насанд хүрмэгц донорын эгнээнд нэгдэж, бусдын төлөө сайхан үйлс бүтээх дадал суух юм. Хэн ч алтан амийг аврагч, ачтан байж чадна. 

Хүүхдүүдийн мэдээлэл авч буй сувгууд нь цусаа өгдөг хүмүүс бусдаас өөр байдаг мэт сэтгэгдлийг тэдэнд төрүүлж байдаг аж. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд цусны талаарх ерөнхий ойлголт өгөхийн зэрэгцээ цусны донор, хэрэгцээ шаардлагын талаарх илүү өргөн мэдээллийг олгох цаг хэдийнээ болжээ.

 

X
Нэвтрэх