fbpx

Ээж, аавуудад

image

Нийслэл Улаанбаатар хотод өндөр шилэн барилга хаа сайгүй баригдаж байна. Томоохон худалдааны төвүүд нэмэгдэхийн хэрээр урсдаг шатны хэрэглээ ч их болсон.

Дэлгүүр хэсэхэд хүмүүсийн цагийг хэмнэдэг “унаа” бол урсдаг шат. Хүүхэд багачуудын хувьд урсдаг шатаар дээш доошоо гарч тоглож наадах дуртай байдаг. Гэвч урсдаг шатны аюулын талаар эцэг эхчүүд тэр болгон мэддэггүй.

ХӨЛӨӨ ХАВЧИХ 

Хэдэн жилийн өмнө Азийн нэгэн орны томоохон худалдааны төвд хүнсээ цуглуулахаар ирсэн аав, охин хоёр урсдаг шатаар бууж байхдаа охины хөл урсдаг шатанд хавчуулагджээ. Худалдааны төвийн ажилтнууд ирж яаралтай арга хэмжээ авсны дүнд охины хөл ноцтой гэмтэл аваагүй байна.

Өнгө өнгийн маш хөнгөхөн хөлд эвтэйхэн резинен сандаал саяхан л моодонд орж хүн бүр л өмсөж явсан.

Хамгийн түгээмэл нь "Crocs" брэндийн резинен зөөлөн сандалыг хүүхдүүд ихээр өмсдөг.

Гэтэл Америк, Сингапур, Япон, Хятад зэрэг улсад резинен углааш өмссөн хүүхдүүд хөлөө хавчуулах зэрэг гэмтэл, бэртэл авах тохиолдол цөөнгүй илрэх болжээ.

Иймээс хүүхдэдээ резинен углааш, сандал өмсгөсөн тохиолдолд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Жишээ нь энэ сануулга Бээжин хотын ихэнх барилгын урсдаг шатны хажууд байдгийг эрхэм та мэдэж буй биз ээ.

Дэлхийн ихэнх орны томоохон худалдааны төвүүдэд урсдаг шатаар зорчихдоо 7 хүртэлх насны хүүхдийг өргөх, харин 14 хүртэлх насны хүүхдийн гараас нь хөтлөх хэрэгтэй гэж анхааруулдаг юм.

Түүнчлэн хүүхдийн тань гар хуруу, хөл, үс, тоглоом, хувцас болон бусад эд зүйлс нь урсдаг шатны дундуур орох, хавчуулагдахаас болгоомжлоорой.

УРСДАГ ШАТНААС УНАХ

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын Гуандун мужийн Дунгуань хотын “Dongguan mall” их дэлгүүрт хоёр настай хүү урсдаг шатны бариулан дээр гарч тоглож байгаад доод давхар руу унасан хэрэг гарсан. Хоёр давхрын зайтай газраас унасан хүүгийн амийг аврахын тулд Хятадын эмч нар хэдэн өдрийн турш тэмцэлдсэний эцэст үхлийн аюулгүй болгосон юм.

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд, барилгуудын ихэнх урсдаг шат ийнхүү хамгаалалтгүй байдаг учир эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй битгий орхиорой.

УРСДАГ ШАТААР ЗОРЧИХДОО ЗӨВХӨН НЭГ ТАЛД ЗОГСОХ 

Урсдаг шатаар гүйх, явах болон давхар эгнээгээр зогсон үйлчлүүлэхийг хориглодог. Юм бүхнийг сониучирхаж байдаг бага насны хүүхдүүдийн хувьд энэхүү журмыг үл баримталдаг бөгөөд үүнээсээ болж урсдаг шаттай холбоотой гарч буй осол олноор бүртгэгддэг байна.

Тухайлбал урсдаг шатны зөвхөн баруун гар талд зорчигчид зогсож байгаа үед гэнэт зогссон урсдаг шатан дээрээс унах магадлал нь зүүн талд  зогсож, гүйж, алхаж яваа зорчигчдод хамгийн их байдаг байна. Энэ нь бүх зорчигчид урсдаг шатны баруун талд зогсож,  хүндийн жин баруун гар  талдаа очдогоос зүүн талд зогссон хүмүүс илүү хүчтэй савагдан  унах магадлалыг өндөр болгодог гэсэн үг юм. Тиймээс бүх зорчигчдыг урсдаг шатны зөвхөн нэг талд  зогсож явахыг сануулдаг.

СУДАЛГАА

Урсдаг шаттай холбоотой осол хэр их гардаг талаар Охайогийн их сургууль болон тус мужийн эрүүл мэндийн байгууллагууд судалгаа явуулсан байна.

Эрдэмтэд 1990-2012 оны хугацаанд АНУ-ын 0-9 насны хүүхдүүд урсдаг шаттай холбоотой осолд орсон статистик тоон дээр үндэслэн судалгаагаа явуулсан юм.

Судалгаанаас үзэхэд 22 жилийн хугацаанд Америкт нийт 50 мянга орчим хүүхэд урсдаг шатаар явж байгаад осолдсон байна. Хохирогчдын тал хувь нь буюу 53.4 хувь нь эрэгтэй хүүхдүүд.

Харин насны хувьд 5 насны хүүхдүүд урсдаг шатаар зорчиж байгаад хөл гараа гэмтээсэн тохиолдол ихээр бүртгэгдсэн байна. Осол гарах шалтгаануудын нэг бол эцэг эхчүүд урсдаг шатаар зорчихдоо хүүхдээ хүүхдийн тэргэнд суулган зорчиж буй нь осол гарах шалтгаан болж байгаа юм.

0-9 насны бүх хүүхдэд урсдаг шатаар зорчих яваад унах тохиолдол түгээмэл тохиолддог байна. Шинжээчдийн мэдээлснээр 26 мянган хүүхэд буюу 51 хувь нь урсдаг шатаар зорчиж яваад унаснаас болж гэмтэж бэртжээ.

Харин биеийн гэмтлийн хувьд хүүхдүүдийн 27.7 хувьд нь хөлөө, 5 хүртэлх насны хүүхдүүд гараа гэмтээх тохиолдол их байдаг гэнэ.

Ийнхүү судалгааны дараа эрдэмтэд хэд хэдэн дүгнэлтэд хүрсэн юм.

Нэгдүгээрт, урсдаг шатаар зорчиж яваад гэмтэл авсан статистик тоон дээр тулгуурлан урсдаг шатны аюулгүй байдалд шаардлагатай шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, урсдаг шатаар зорчихдоо хүүхдэдээ хяналт тавих, хүүхдээ тэргэнд биш гар дээрээ авч явах.

X
Нэвтрэх