fbpx

Боловсрол

image

Бага ангийн болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд "Олонлог" сургуулийн бага ангийн багш Г.Тунгалагийн зөвлөгөөг хүргэж байна. Г.Тунгалаг багшийн ярьснаар та өдөр тутамдаа хүүхдээ энгийн байдлаар сургаж байх боломжтой юм. Гадуур хамт алхахдаа, орондоо хэвтэж байхдаа, хамт тоглож байхдаа ч хүүхдэдээ өнгө, тоо, үсэг, зүг чиг гэх мэт сургуульд суралцахад нь хэрэгтэй бүхий л зүйлсийг зааж өгч болох нь ээ.

-Сургуулийн босго давах гэж буй хүүхэдтэй эцэг эхчүүдэд та юун түрүүнд юу гэж зөвлөх вэ?
-Хүүхдийг сургуульд бэлдэх нь хэл яриа хөгжүүлэхээс эхэлнэ. Хэл яриаг хөгжүүлэхгүйгээр оюун ухаан хөгжинө гэж байхгүй. Эцэг эхчүүд албан ёсоор  сургалтанд суулгаж бэлдэх гэхээс илүү багаас нь нас насны түвшний мэдлэг чадварыг олгож, хүүхэдтэйгээ сайн харьцаж байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамт явж байхдаа алхам тутамдаа ярилцаж, сонсож байгаарай. Ярилцаж явах зуур ч хүүхдэд сургалт болж байдаг.

-Тухайлбал, ямар сургалт вэ?
-Хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэр лүүгээ харьж явахдаа зүг чиг, өнгө, тоо заах сургалт явуулж болно. Тухайлбал, гэрлэн дохион дээр зогсвол “ямар өнгийн гэрэл асаж байна?” гэж асууж болно. Бас гартаа барьж байгаа юмыг нь “чи хэдэн юм барьж байна?” гэх мэтчилэн асууж байх хэрэгтэй.

Хүүхдэдээ “чи буруу хийж байна” гэж нэг ч хэлж болохгүй

Мөн “тэр байшингийн дээр юу харагдаж байна, доор нь юу байна” гэх мэтээр ярилцаж байхыг зөвлөж байна. Тэр бүхэн сургалт болдог. Гэртээ байхдаа ч адил.  Хоёулаа тоглоод орондоо хэвтэж байхдаа “миний хүү хэчнээн хуруутай вэ, хоёулаа тоолъё” гэж энгийн байдлаар хүүхэдтэйгээ ярилцаж, тоглонгоо бэлтгэлээ хийж байдаг.

“Надад төчнөөн тоглоом байна. Чамд хэд байна?”, “Минийх олон байна уу, чинийх олон байна уу?” гээд л... Ийм амархан юмыг яриандаа хавчуулаад, мэдлэгийг нь нэмж байх хэрэгтэй.

Хүүхдүүд сургуульд их харьцангуй орж ирдэг л дээ. Зарим нь чадвар сул байдаг бол зарим нь их мундаг, чөлөөтэй ярьдаг. Тэдний “яагаад” гэх асуултанд хариулж, учир зүйг нь сайн ойлгуулж байх хэрэгтэй. Сургуульд орохоос нь өмнө үсэг заах хэрэггүй гэж үздэг. Гэхдээ цагаан толгойг нь аваад хананд хадчих хэрэгтэй. Тэрийг зүгээр л тоглож байхад нь ганц ганцаар нь нүдлүүлж болно. Ганц “А” үсгийг хэчнээн өдөр ч нүдлүүлж болно.  “Энэ ямар үсэг билээ? Энэ чиний нэрэнд ордог “Б” үсэг байна” гэх мэтчилэн хэлж өгөөрэй.

Хүүхдээрээ өөрөөр нь шийдвэр гаргуулж, өөрт нь “чи буруу хийж байна” гэж нэг ч хэлж болохгүй гэж боддог. “Чинийх их сайн болсон байна. Чи ийм юман дээр ингэчихвэл бүр сайн болох байжээ” гэх талаас нь тусалж байгаарай.

Хүүхдээ сургуульд орох гэж байна  гээд албадаж суулгаад, "бичиж сурах ёстой, чиний үеийн хүүхдүүд ийм мундаг болж" гэх мэтээр албадаж болохгүй. Мөн хүүхдээ алдаа гаргахаас битгий айлгаарай. Амжилтгүй сурч байгаа хүүхдүүдийг ажиглахад буруу хийчих вий гэж их айдаг. Буруу хийх бол асуудал биш. Хийж байгаад аяндаа засагдана. Тиймээс хүүхдэд алдаа хийх айдас төрүүлж болохгүй.

Жишээ нь “О” үсэг дээр очоод гацчихвал, гацаалгүй  шууд хэлж өгөх хэрэгтэй.

-Сургуульд хүүхэд орсны дараа эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Сургуульд орохоос өмнө ч эцэг эхчүүд ямар нэг юм хийлгэж байхад хүүхэд чадахгүй байх, ямар нэг саадтай тулгарвал тэр үед нь  өөрөөр нь шийдүүлэх хэрэггүй, бушуухан хэлж өгөх хэрэгтэй. Нэгдүгээр ангид орсон хүүхэд үсэг холбож уншдаг. Эцэг эхчүүд хүүхдээ жаахан, учраа олоогүй байхад нь өөрөөр нь нухуулж, холбуулж уншуулах гээд  байхаар “Би уншиж чадахгүй юм байна” гэж боддог.

Жишээ нь “О” үсэг дээр очоод гацчихвал, гацаалгүй  шууд хэлж өгөх хэрэгтэй. Хүүхэд нэг үсэг дээр гацаад “юу билээ” гээд бодчихвол тэрнээс хойш байнга гацдаг болно. Жаахан эргэлзээд эхэлбэл шууд л хэлээд өгсөн нь дээр.

Миний туршлагаар шинэ үсэг заасны дараа жижигхэн эхийг бүтэн үгээр нь дагуулж уншуулдаг. Эцэг эхчүүдэд өнөөдөр үзсэн 20 үгийг дагуулж уншуулаад хаанаас нь ч хамаагүй таньдаг болгоод ирэхэд болно гэдэг. Ингэснээр хүүхдүүд маань их амархан уншиж сурдаг.

-Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн даалгаврыг хийлгэхэд их хүндрэлтэй байдаг гэж ярьцгаадаг. Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүүхдээ шахаж шаардаж, албадахын оронд  зааж өгч, амархан байдлаар хийлгээрэй. Албадсан юманд том хүн ч гэсэн дургүй байдаг шүү дээ. Мэдээж өөрөөр нь хийлгэнэ. Тэгж байгаад л чадвар сууна.

Хүүхдээ шахаж шаардаж, албадахын оронд  зааж өгч, амархан байдлаар хийлгээрэй. Албадсан юманд том хүн ч гэсэн дургүй байдаг шүү дээ.

Оройд тогтмол цагт гэрийн даалгаврыг нь хийлгээд сургах хэрэгтэй. Хичээлээ тараад ирэхэд нь жаахан амрааж, тоглуулаад даалгаврыг нь хийлгээрэй.Ээж аав нь ажлаа хийж байгаатай адил чиний хийх ёстой ажил гэдгийг ойлгуулж ухамсарлуулах хэрэгтэй. Ер нь багаас нь юмны ард гаргаж сургах нь чухал.

Эцэг эх хүүхдээ сургуульд ороход зайлшгүй шаардлагатай нэг зүйл бол хичээл хийх орчинг бүрдүүлэх ёстой. Бас ном уншиж өгөх, зохиолын дүрүүдийг тодруулж “Миний хүүд энэ дүр юу гэж санагдсан, аль баатар нь чамд илүү таалагдав?” гэхчлэн ярилцаж байснаар хүүхдийн төсөөлөн бодох, дүгнэлт хийх чадвар сайжирдаг.

Мөн зарим аав, ээж хүүхэд гараараа тоолж байна гэдэг.  Магадгүй багш болгон өөр арга барилтай байх. Миний бодлоор хүүхэд багаас гараараа тоолсноор өөрөө мэдэрч, чадвар сууна. Гэхдээ хүүхдээ жаахан гэж бодож болохгүй. Тэд маш том ертөнц. Бидний мэдэхгүй юмыг мэддэг, маш мундаг.

-Уг нь хүүхэд 20-хон минутад хийх даалгаврыг залхуураад 2-3 цаг хийх үе байна. Тийм үед хэрхэн хандах вэ?

-Хэрвээ хүүхэд удаад байвал хажууд нь цаг харж суугаад чи бүтэн цаг хийх даалгаврыг 30 минутад хийчихлээ. Мундаг байна. Маргааш 20 минутад бүр хурдан хийж чадна даа гэх мэтээр урамшуулж байгаарай.

-Гарын жижиг булчингуудыг хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-Бас л хүүхдүүд харилцан адилгүй байдаг. Үзэг огт барьж байгаагүй хүүхдүүд ч ирдэг. Багаас нь л үзэг харандаа бариулж, дадлагажуулах хэрэгтэй. Зарим хүүхдүүд дөрөвхөн настай мөртлөө их сайн буддаг. Зарим зургаан настнууд огт үзэг барьж үзээгүй байх жишээтэй.

Хүүхдүүд амралтынхаа тухай тэмдэглэл хөтлөх нь зуны даалгаварт өгсөн хуулан бичлэгээс илүү сонирхолтой байх болно.

-Хүүхдийг хэрхэн бие даалгаж сургах вэ? Үдээсээ үдэж чадахгүй, ганцаараа бие засаж чаддаггүй хүүхдүүд бас байж болох юм.
-Хүүхдийн нас насандаа хийж сурах ёстой дадал чадваруудыг суулгаж байх ёстой. Ягаан дэвтэрт ч байдаг шүү дээ. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ тэвчээртэй хүлээдэггүй. Урдуур нь орж юмыг нь хийж өгөөд байдаг. Өөрийнхөө хувцас хэрэглэлийг ч таньж мэддэггүй хүүхдүүд бий. Тэгэхээр эцэг эх л тэр болгоныг хүүхдэд суулгаж өгөх хэрэгтэй.

Мөн ангид ямарваа нэг асуудал гарахад өөрөөр нь шийдүүлж сургах хэрэгтэй. Битгий хүүхдийнхээ асуудалд ор. Зайлшгүй шаардлагатай бол эцэг эхчүүд рүү би ярьдаг.

-Зуны амралт дуусаад хүүхдүүд хичээлдээ орох гэж байна. Эцэст нь юу гэж зөвлөх вэ?

-Хэрвээ аав ээжтэйгээ аялаад ирсэн бол тэмдэглэл хөтөлж болно. Багахан тэмдэглэл хийгээд зураг зураад ирэхэд хүүхэд дорхноо мартсанаа сэргээчихдэг. Замдаа таарсан сум суурин, хэдэн км явснаа аав ээжээсээ асуугаад бичдэг. Маш гоё ном хийгээд ирдэг ч хүүхдүүд бий. Тэр нь зуны даалгаварт өгсөн хуулан бичлэгээс илүү сонирхолтой байх болно.

Бага ангид 4-р анги хүртэл дүн тавьдаггүй. Ер нь хүүхдээ ямар дүн авсан гэхээс илүү юу сурсан бэ гэдэгт анхаарлаа хандуулаарай. Хүнийг бусадтай биш өөртэй нь харьцуулдаг болсон. Өнөөдөр юу сурсан, маргааш юу нэмж сурсан гэдгийг л эцэг эхчүүд сонирхох ёстой.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх