fbpx

Хүүхдийн хөгжил

image

Маргааш есдүгээр сарын 1-н.

Хүүхдүүдээ усанд оруулна, хувцсыг нь бэлтгэнэ гээд ээж, аав нар өнөөдөр завгүй өнжинө. Тэгэхээр жижиг, сажиг юу бэлтгэх вэ гэдгийг зөвлөж байна.

-Хүүхдээ усанд оруулах. Хүүхэд чинь хичээлийн эхний өдрөө цэвэр цэмцгэр байх ёстой шүү дээ. Тиймээс яалт ч үгүй хүүхдээ усанд оруулж л таарна.

-Хумсыг нь аваарай. Хөлийнх нь хумсыг авахдаа хоёр захыг нь ухалгүйгээр зөв авах ёстой гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж буй биз. Харин гарын хумсны тухайд заавал аваарай. Хүүхдэдээ бусдын хүүхдийг маажиж, гэмтээж болохгүй гэдгийг маш сайн зааж ойлгуулаарай.

-Хувцсыг нь бэлтгэнэ. Урд орой нь бэлтгээд тавьчихвал маргааш өглөө яарч сандрахгүй. Замын ачаалал өндөр байх тул эртхэн хувцсыг нь бэлтгэчихээд, зам дээр бөглөрнө гэдгээ тооцоолж гэрээсээ эрт гараарай. Мөн усархаг бороотой тул шүхэр, усны гутал болон дулаан хувцсаа бэлдэж тавихыг зөвлөж байна.

-Хүүхдээ эрт унтуулаарай. Маргааш усархаг бороотой тул хичээлийн шинэ жилийн нээлт 14:00 цагт эхэлнэ гэж мэдээллээ. Гэвч зарим цэцэрлэгүүд 10:00 цагт эхэлнэ гэх мэдээлэл байна. /Эрдмийн баярын нээлтийн эхлэх цагийг хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгээс лавлах шаардлагатай/. Тиймээс хүүхдээ эрт унтуулаад, эрт босгох нь зүйтэй. Унтахаас нь хоёр цагийн өмнөөс телевиз, компьютер зэргээс холдуулж тайвшруулан, уураг тархийг нь амраасан байх хэрэгтэй. Сахар, шоколад зэргийг хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй.

-Хүүхдийнхээ цүнхийг бэлдээрэй. Хүүхдийнхээ цүнхэн доторхыг орой бүгдийг нь сайтар хянаад бэлтгэж өгөөрэй. Дунд, том ангийнхан бол өөрсдөө бэлтгэчихнэ. Харин бага ангийнхны цүнхийг бэлтгэж өгөөд хоёр кг-аас хүндгүй байх ёстойг анхаараарай. Өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр нь бүсэлдэг цүнх сонгосон бол сайн. Ямар ч тохиолдолд хүүхдэдээ хүнд ачаа үүрүүлж болохгүй гэдгийг сайтар тооцоолоорой.

-Хүүхдэдээ нусны алчуур бэлтгэж өгөөрэй. Ямар ч асуудал гарч болно. Ангийнхаа найзуудын дунд эвгүй байдалд орохгүйн тулд таны хүүхэд юунд ч бэлэн байхад алзахгүй.

-Хүүхдэдээ зөв суухыг сануулаарай. Сургуульдаа очоод сурагчийн ширээний ард хүүхэд чинь зөв, тэгш суух ёстой гэдгийг сайтар ойлгуулаарай. Хэвтэж бичих, муруй суух, бөгтийх зэрэг нь хүүхдийн чинь нурууны ясыг мурийлгана. Тиймээс хэдэн жилийн дараа эрүүл мэнд, гоо сайханд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг сайтар ойлгуулаарай.

-Хүүхэд юу хүсч буйгаа хэлж сурах хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд зургаан настай бол үзэл бодлоо илэрхийлж сургах хэрэгтэй. Юу хүсч байгаагаа, яамаар байгаагаа илэрхийлж сургасан байвал тун сайн.

-Өглөөний цай уулгаарай. Өглөө гарахаас нь өмнө өглөөний цайг заавал уулгаарай. Хүүхдийн чинь эрүүл мэндэд ямар ч эм тарианаас илүүтэй өглөөний цай тустай гэдгийг битгий мартаарай. Мэдээж өдөр сургууль дээрээ ямар хоол цай идэхэд нь анхаарал тавина биз ээ.

X
Нэвтрэх