fbpx

1-3 нас хүртэл

image

Дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр хүүхдээ эрүүл, аюулгүй өсгөхөд тань хялбар дөхөм байх болно. Үүнд:

  • Хүүхдийг эрүүл ахуйн зөв дадал зуршилд сургаснаар түүний эрүүл мэнд ихээхэн хамаардаг. Хүүхдээ нэг настайгаас өөрөө гараа угаахад сургах хэрэгтэй. Мөн бохир аяга халбагыг ялгаж сургах, бохир зүйлийг үмхэхгүй байх зэрэг дадлыг зааж өгөөрэй.
  • Хүүхдийг бие засах тухайгаа өөрөө илэрхийлж чаддаг болоход нь аль болох эртнээс сургаарай.
  • Гэр орны тавилга хурц ирмэггүй, цахилгааны эх үүсвэр хүүхэд хүрэхээргүй байрлалд байх шаардлагатай бөгөөд зууханд ойртохоос болгоомжилж сургах хэрэгтэй.
  • Хүүхдийг хэт бэгнэж дасгах нь ханиад шуухинаагаар өвчлөмтгий болгодог тул аль болох халууцуулж хөлөргөхгүй, тогтмол хөнгөн нимгэн хувцаслаарай.
  • Хүүхдийг өдөр бүр агаарт гаргах, тогтмол цагт унтуулах, хооллох, тоглуулах зэргийг хэвшүүлээрэй.
  • Аав нь өдөрт наанадаж 20-30 минутыг хүүхэдтэйгээ ярих, тоглоход зориулж байх нь хүүхдийг нээлттэй, сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй байх боломжийг өгдөг.
  • Хүүхдэд чихэрлэг хийжүүлсэн ундаа, хэт чихэрлэг шоколад, бялууны төрлийн боов зэргийг хэтрүүлэн идүүлж болохгүй. Харин аль болох цагаан идээ, ногоо, жимс, уураглаг хүнс идүүлж байгаарай.
  • Та өөрийн харьяалагдах баг, сум, өрхийн эмч, сувилагч, ажилтнуудтай ойр харилцаатай байж хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар санаа бодлоо хуваалцаж байх нь хүүхдээ эрүүл саруул бойжуулахад маш ач холбогдолтой.
  • Хүүхдийн оюуны хөгжил нь хоёр нас хүртэл хамгийн эрчимтэй байдаг. Иймд бага насны хүүхдэд танин мэдэх, бусадтай тоглох, хөдөлгөөнтэй байх, дуу сонсох, юм үзэж харах, хүрэх, шинжих зэрэгт нь дэмжлэг чухал. Хүүхдүүд юмыг хийх гэж оролдох, ажиглах, бусдаас хуулбарлах замаар суралцдаг.
  • Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс хамгаалж, сэтгэл санааг элдэв төрлийн хүчирхийлэл буюу загнах, зодох, доромжлох зэргээс хол, аюулгүй орчинд байлгах нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, өөртөө итгэлтэй байх, шинэ юмыг эрэлхийлэхэд нь дэмжлэг, урам зориг өгдөг гэдгийг битгий мартаарай.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, ЭМЯ

X
Нэвтрэх