fbpx

Ээж, аавуудад

image

Төрийн ордонд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдэвт хэлэлцүүлэг яг одоо явагдаж байна. Хэлэлцүүлэгт өсвөр, залуу үеийнхнийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, холбогдох байгууллагын төлөөлөл илтгэл тавьж байгаа ба уг салбарын тулгамдаж буй асуудлуудыг тал бүрээр хөндөн ярилцаж байна. Илтгэгчид цахим орчны гэмт хэргийг бууруулахад чиглэсэн хууль хяналтыг сайжруулахад шаардлага тулгарч байгааг онцолж байв.

Илтгэлүүдэд дурьдсан зарим сэрдхийм мэдээллийг тоймловол:

  • 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болсон нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт аж.
  • "Цахим орчинд сүрдүүлгэнд өртсөн тухайгаа ойр дотныхоо хүнд хэлэх үү?" гэсэн асуултанд хариулсан хүүхдүүдийн зөвхөн 31 хувь нь "Тийм" гэж хариулжээ.
  • 14 настай охиныг цахим хаягаар нь сүрдүүлсэн хуурамч нэртэй хаяг эзэмшигч этгээд Монгол улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэн болохыг тогтоожээ.
  • Цахим орчинд гэмт хэрэг үйлдэгч этгээд содон нэртэй, эмэгтэй дүрээр хаяг нээсэн байх нь элбэг бөгөөд бусдын итгэлийг олон мэдээлэл, зураг сэлтийг аваад өөр хуурамч хаягаас сүрдүүлэг хийдэг гэнэ.
  • Хүүхэд, залуусыг цахим гэмт хэрэгт олзлогдох гол шалтгаан нь хувийн мэдээллээ олон нийтэд ил тохиргоотойгоор нийтлэх, хаяг байршлаа ил зарлах зэргээс эхэлдэг ажээ.

Хүүхэд залуусыг цахим гэмт хэргээс сэргийлэх, тэр дундаа эдгээр төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлж, өсвөр насны цахим хэрэглээнд анхаарал тавих, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах зорилгоор ЦЕГ-аас UNFRIEND аяныг сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Энэ аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэдэд чиглэсэн мэдээ контент, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхээс гадна ТББ, оюутан залуустай хамтарч олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн тухай ч дурьдаж байлаа. Тухайлбал, цахим орчинд “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татах зэрэг зөрчлүүд илэрч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас эдгээр групп, хуурамч хаягийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад Монгол улсын хэмжээнд 2 сая 330 мянга орчим ухаалаг утас хэрэглэгдэж байгаагийн 50 хувь орчмыг нь өсвр залуу үеийнхэн эзэмшиж байгаа гэсэн тоо бий. Мөн манай улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фэйсбүүк хэрэглэдэг.

X
Нэвтрэх