Хүмүүжил

image

Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхдэдээ үзүүлэх хамгийн буруу хандлага бол "өөрийн төлөө хүүхэд төрүүлж өсгөх" ажээ. Хүмүүжлийн энэ хэлбэр өнөөдөр нийтлэг үзэгдэл болоод байна. Эцэг эх өөрсдөө нийгэмд дасаагүй бол хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд бэрх. Нийгэмшээгүй хүний хүмүүжүүлсэн хүн өөрийн адил хүнийг бий болгохоос цаашгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

ЭЦЭГ ЭХИЙН АЛДАА ЮУНД ОРШИЖ БАЙНА ВЭ?

Гараа цэвэрхэн угаадаг хүүтэй болох, математикт сайн охинтой байх, нэг зураасаар дажгүй алхаж чаддаг гоо хүүхэдтэй ээж, аав байх гэсэн зорилго нь таван өрөө байртай гэрийн эзэн байх, араб азаргатай манлай уяач байх гэсэн хүсэлтэй ав адил.

Энэ үед хүүхэд бол амьдралаа аятайхан авч яваа гэр бүл, эцэг эхийн төрхийг бүрдүүлэх хэрэгсэл болсон байдаг. Төлбөртэй сургалт, хичээлээс гадуурх ажил, өдөр өнжүүлэх бүлэг, цэцэрлэгийн бага дунд ангиуд, салахгүй зууралддаг багш гэдэг нь олонх эцэг эхийн хувьд хүүхдээсээ салж, санаа амар байх хэрэгсэл, шилдэг арга болоод байна.

Хангалттай хугацаанд хамт байж чадахгүй мөртлөө сэтгэлийн хайр, байгалиас заяасан энхрийллээ мөнгө, интернэт, сургалт, танихгүй асрагчаар орлуулахыг оролддог томчууд олон болжээ.

Цэцэрлэгийн дунд бүлгээс англи хэл сургахаар хүчлэх, ахлах бүлгийн охиноо миссийн тэмцээнд бэлтгэхээр өндөр үнэтэй сургалтанд өдөр шөнөгүй явуулах, сургуулийн бага дунд ангид нь таван төрлийн сургалтанд суулгахын тулд эхнэрээ ажлаас нь гаргах зэргийг энэ утгаар тайлбарлаж болно. Ийм эцэг эхчүүд зөвхөн өөрийн төлөө хүүхэд төрүүлэн өсгөдөг гэмээр санагдана.

ЭНЭ НЬ ХҮҮХДЭД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Сүүдэр газарт ургасан өвс шиг цонхигор, аажуу хөдөлгөөнтэй, нүдний шилтэй, чангахан дуугарвал цочдог, дуу нь цээжнээсээ биш энүүхнээсээ гардаг, хөх судастай, илүүдэл, эсвэл дутуу жинтэй, гар утас, солонгос кино, онлайн тоглоом, фэйсбүүкээс салдаггүй хүүхэд олширч байна.

Хүний зовлон, аз жаргалын мэдрэмж зөвхөн тухайн хүний л дотоодод оршин байдаг. Хүнийг хажуугаас нь хараад, бодоод хичнээн өрөвдөн хайрлаж, түүнд юугаар ч туслан дэмжлээ гээд тэр хүний зовлонгоор зовж, жаргалаар нь жаргаж хараахан чадахгүй.

Тиймээс хүүхдийн бие бялдар, сэтгэцийн хувьд эрүүл хүн болгож бойжуулах, ёс суртахууны хувьд цэвэр хүн болгон төлөвшүүлэхэд бага наснаас нь эхлэн туйлын ихээр анхаарах шаардлагатай байна. Хүүхэд байхдаа олж авсан амьдрах чадвар, амьдралаас төсөөлсөн мэдрэмжүүд дээрээ л түүний нэгэн насны амьдрал суурилдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй.

Ийм учраас эцэг эхчүүд өөрийн хайр энхрийллээ хүүхдээ хөгжүүлэх бодит чадвар, гэр бүлийн боловсрол болгон хэрэгжүүлэх шаардлагатай юм.

"Хүний амьдралын баяр баясгалан хүүхэд насны дурсамжид байдаг" Ф.Достоевский

Эх сурвалж: "Аав ээжийн ном"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх