fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Интернет болон цахим технологийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдсэн билээ. Гэвч нөгөө талаас хүүхдүүд цахим орчинд хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх бодит эрсдэл ч буй юм.

Нийгмийн өмнө, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдэд цахим орчны нөлөөлөл дунд тулгардаг асуудлуудыг, түүнээс улбаалсан гэмт хэргийн тоог багасгахын тулд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Хүүхдүүд цахим орчинд хэнээс туслалцаа авч зорчдог вэ” гэсэн 26 оронд хийгдсэн судалгаанд хамгийн өндөр үзүүлэлт бүхий улс нь Гондурас буюу  62 хувь нь хүүхдүүд өөрсдөө цахим хэрэглээнд суралцаж байна гэсэн тоо гарчээ. Харин  манай улсад энэ нь 85 хувь гэж гарсан байна. Судалгааны үр дүнгээс харахад хүүхдүүд анх өөрсдөө болон найз нөхдөөсөө цахим хэрэглээг суралцдаг ба улмаар хэн нэгэн том хүнээс зөвлөгөө заавар аваагүйн улмаас цахим гэмт хэргийн золиос болох нь элбэг аж.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь тухайн асуудлаарх салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хөндсөн бөгөөд нэн ялангуяа үүрэн телефоны операторууд, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, контент үйлдвэрлэгчид болон түгээгчид зэрэг мэдээлэл харилцаа, технологийн салбарынхан чухал үүрэгтэйг онцолсон юм.

Хүүхдийг гэр бүлийн, боловсролын, эрүүл мэндийн, олон нийтийн, цахим орчны гэх таван төрөлд хамгаалах хэрэгтэйг Хүүхэд хамгааллын хуульд заасан байдаг ч энэ нь бодит байдал дээр зөрчигдсөн хэвээр л аж.

2012 онд Монгол улсад цахим гэмт хэрэг 14 бүртгэгдэж байсан бол харин энэ оны хагас жилийн байдлаар гэхэд 279 гэмт хэрэг бүртгэгджээ.

“БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ЖИЛД 20-30 ГАРЧ БАЙНА”

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан “ЕБС-ийн сурагчдын 94 хувь нь ухаалаг утас ашиглаж, чөлөөтэй интернет хэрэглэдэг. Тэд цахим орчинд танихгүй хүнтэй харилцсанаас гэмт хэргийн золиос болох эрсдэлд ордог. Үүнээс урьдчилан сэргийлэх маш олон ажлыг цагдаагийн байгууллага хийж байна. Үүний нэг нь “Анфрэйнд” хөдөлгөөн юм. Мөн Цагдаагийн байгууллагаас улсын 700 гаруй, хувийн 100 гаруй ЕБС-д интернетийн зөв хэрэглээний талаар сургалт зохион байгуулж, хар жагсаалт фэйсбүүкийн бүлэгт хандсан иргэдийн мэдээллийн дагуу хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц, садар самуун сурталчилсан, зүй зохисгүй агуулгатай контент оруулсан 50 гаруй хуудсыг хаах арга хэмжээ авсан.

Бага насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг жилд 20-30 үйлдэгдэж байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавьж чадаагүйтэй шууд холбоотой. Учир нь арван настай хүүхэд +21 контент чөлөөтэй үзээд байгаа нь 15 нас хүрэхдээ бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж болох эрсдэлтэй гэж шууд ойлгож болно. Жилд дунджаар 280-380 хүчингийн хэрэг бүртгэгддэг. Энэ нь нэг өдөрт нэг гэмт хэрэг үйлдэгдэж байгаатай адил. Үүний тавин хувь нь хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг юм. Тэгэхээр бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэхэд илүү их анхаарч чадвал хэн нэгнийг гэмт хэрэгтэн, хохирогч болгохгүй байх улмаар гэмт хэргийн тоог эрс бууруулах боломжтой” гэв.

Манай улсад сүүлийн гурван жилийн байдлаар 200 гаруй хүүхэд цахим тоглоомонд донтсоны улмаас, харин охид эмэгтэйчүүд фэйсбүүкт донтсоны улмаас эмнэлэгт хандан эмчлүүлжээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Цахим орчин дахь гэмт хэргийн тоог багасгах, хүүхдүүдийг өөрийгөө эрсдэлээс хамгаалахад хамгийн том нөлөө үзүүлж чадах хүмүүс нь эцэг эхчүүд юм. Нөгөөтэйгөөр ажилтай байгаа ээж аав, гэртээ байгаа хүүхдийнхээ цахимд юу хийж байгааг яаж мэдэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Үүнийг шийдэхүйц шүүлтүүрийн аппликэйшн ХХЗХ дээр хийгдэж байна. Мөн скаймедиа, юнивишн гэх мэт IT компаниуд +18 контентийг хязгаарлаж чаддаг байгаасай, бодит ажил болгоосой гэж хүсэж байна” хэмээв.

О.Хандмаа

X
Нэвтрэх