fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхдийг сэтгэл зүйн хямралаас хамгаалахад тодорхой арга зүй хэрэглэх талаар энэ удаа зөвлөж байна. Бага насны хүүхдэд зөвлөгөө өгөхөд насанд хүрэгчидтэй харилцахаас эрс өөр аргазүй хэрэглэх шаардлагатай.  Та бүхэнд хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг ойлгож, түүнд хэрхэн зөвлөгөө өгөх талаар хялбаршуулсан аргыг хуваалцъя. Энэхүү аргыг хэрэглэснээр хүүхдээ сэтгэл зүйн хямралаас хамгаалахаас гадна нэгэнт тулгарсан хямралыг даван туулахад нь бэлтгэх, асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгуулах ач холбогдолтой.

  • Айдас түгшүүрээ үгээр төсөөлөхийг хүсэхэд хүүхэд тань илэрхийлж чадахгүй байвал тоглоомын аргаар болон зургаар илэрхийлэх боломж олгоорой. Энэ үед орчин нөхцөл бүрдсэн байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
  • Бага насны хүүхдэд том, хэвлэмэл үсгээр бичих, хүүхдийн сонгон авсан өнгөөр энгийн, тодорхой зураг зурах зэргээр сэтгэгдлээ илэрхийлэх үйл явцыг хөнгөвчлөхөд анхаарна.
  • Шаардлагатай бол хүүхдийн сэтгэл зүйчид хандах боломжтой.

Тоглоомын арга хэрэглэхдээ хүүхэд юунаас айж түгшээд байгааг нь тодруулж, энэхүү мэдрэмжийг нь саармагжуулах, задлах үйл явц хийгдэнэ гэж ойлгож болох юм. Энэ нь өөрийнхөө сэтгэл санааны хямралын учир шалтгааныг олох, өөрийгөө жолоодож сурахад хүүхдэд тус болдог.

Хүүхдийн ухамсарт эмх замбараагүй эргэлдэж байсан айдас, түгшүүр тодорхой болж, ойлгогдоно. Ухамсрын хяналтад орж ирнэ гэсэн үг. Сэтгэл санааны байдлаа илрүүлэн тодруулах аргад хүүхэд суралцана. Энэ чадварынхаа ачаар хүүхэд асуудлын мөн чанарыг ойлгон, бие даан шийдвэр гаргах дадлыг эзэмших боломжтой болох учраас эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид анхаарвал зохих асуудлын нэг юм. Гэхдээ эцэг эх та бүхэн хүүхдийнхээ нөхцөл байдлыг ноцтой байна гэж анзаарвал даруй мэргэжлийн хүмүүст хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Хүүхэд, эцэг эхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх /Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар/

X
Нэвтрэх