0-1 нас хүртэл

image

Танд баяр хүргэе та хэвлийдээ үрээ тээж явна. Таны биед нэгэн шинэ амьд бие махбод бүрэлдэн өсөж торниж эхэллээ...

Монголчууд хэвлийдээ үрээ тээж яваа эхийг “Бие давхар”, “Хөл хүндтэй”, “Тулгар эх” хэмээн хүндэтгэн дууддаг.

Учир нь хүүхэд эхийн хэвлийд байхдаа хамгийн эмзэг бас нэн хурдацтай өсөж хөгждөг. Энэ хугацаанд таны хүү, охин өдөр өдрөөр өсөн торнидог.

Орчин үеийн шинжлэх ухаан хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь судалж байна.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн баримтаас дурдвал, хүүхэд эхийн хэвлийд бойжин байх 19 дэх долоо хоногоос мэдрэхүйн 5 эрхтнээрээ орчноо мэдэрч, харилцдаг байна. Өөрөөр хэлбэл энэ үед хүү, охин тань үнэрлэнэ, амтална, харна, сонсоно бас хүртэж, шүргэлцэж мэдэрнэ.

Ээж бүхэн хүүхдийнхээ төлөө бүхий л амьдрал, зүрх сэтгэлээ зориулж, тэднийхээ сайн сайхны төлөө хичээн хөдөлмөрлөж, тэдэндээ итгэл найдвар тавьж,  хичээдэг боловч хүүхдийн хөгжил, боловсрол эхийн хэвлийгээс эхэлдгийг тэр бүрий анзаарч ойлгохгүй байх нь олонтаа.

Монголын ард түмэн тулгар эхийн сэтгэл санаа тайван, хоол унд зохистой,  таарч тохирсон гэр ахуйн ажил, хөдөлгөөнд онцгойлон  анхаарч санаа тавьдаг. Ялангуяа тулгар эхийн дэргэд чанга хашгирч болохгүй, тулгар эхэд муу муухайг үзүүлэхгүй, харуулахгүй байх зэрэг нэн чухал байдаг.

Үр хүүхдийн тухайд эхийн хэвлийд бүрэлдэн байх үеийн хайр энэрэл, асаргаа дэмжлэг нь  хойч ирээдүйн хөгжлийн эх суурь болдог гэдгийг эрхэм ээж аав, эмээ өвөө, ах эгч Та бүхэн сайтар санаж байгаарай.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх