fbpx

0-1 нас хүртэл

image

Ой санамж бол хүний дадлага туршлагын үндэс суурь юм. Ой санамж байхгүй бол хүн хөгжин дэвших, дадлага туршлага хуримтлуулах, шинийг таньж, сурахад бэрхшээлтэй тулгарах болно. Танин мэдэх буюу суралцах, ой санамж зэрэг нь салшгүй нягт холбоотой. Суралцах нь санамж, туршлагын хуримтлалаас үүснэ. Дадлага туршлага ой санамжид хуримтлагддаггүй байсан бол бид юу ч санахгүй өмнөх мэдлэгээ ашиглаж ч чадахгүй байх байсан.

Судлаачид төрөхөөсөө өмнө амьтны үр төл шинэ зүйлд хэрхэн суралцдаг болохыг туршилтаар тодруулжээ. Тухайлбал, хэрэмний зулзага эхийнхээ дуунд дасах, аюулаас зугатах, амт муутай зүйлээс татгалзах зэрэг чадварыг эзэмшиж, жирийн нөхцөлд хариу үйлдэл үзүүлж байжээ. Шувуу болон хуурай газар усан дор аль алинд нь амьдарч чаддаг амьтад түүгээр ч барахгүй хорхой хүртэл зарим зүйлийг эхийнхээ хэвлийд байхдаа сурдаг байв. Энэхүү туршилтаар амьтдын хэвлий дэх зулзаганд амтлах, үнэрлэх, сонсох өдөөлтийг үзүүлэхэд төрсний дараа танил өдөөлтөд хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд энэхүү өдөөлтөд ямар ч туршлагагүй бусад амьтдын хэвлий дэх зулзагын хариу үйлдэлтэй үүнийг харьцуулсан юм.

Орчин үед хүний ой санамж эхийн хэвлийд байх үеэс хөгжиж эхэлдэг болохыг судалж, батлаж байна.

Жирэмсний 20 дох долоо хоногт төрсний дараах амьдралдаа ч үргэлжлүүлэх дадлыг олж авдаг болохыг эрдэмтэд баталжээ. Туршилтын явцад бяцхан ихрүүд эхийнхээ хэвлийд байхдаа бие биенийхээ эрүүг гижигдэж байжээ. Тэд эхээс мэндлээд нэг нас өнгөрөхөд хамгийн дуртай зугаа нь хивсэн дээр хэвтээд  бие биеийнхээ эрүүг гижигдэх байсан гэнэ.

Зарим ээж, аав нар бяцхан үрээ хэвлийд байхад нь ”тийрүүлж” наадах нь бий. Тэд  хэвлийн нэг цэг дээр гараа тавиад ”тийрээрээ хүү минь” гэдэг. Ураг тийрэхээр өөр газар гараа тавьж зугаацдаг.  Ураг богино хугацаанд энэ тоглоомондоо дасаад алдалгүйгээр заасан газар руу нь тийрдэг. Энэхүү энгийн зугаа нь хүний ой санамжийн хөгжил эхийн хэвлийгээс эхлэлтэй болохыг баталж байгаа юм. Эндээс үүдэн хүүхдийн анхны хичээлийн эхний “танхим” бол эхийн хэвлий гэвэл хэтрүүлсэн явдал болохгүй буй заа.

Хүүхэд эх хэлээ эхээс мэндлэхээсээ өмнө сурч эхэлнэ. Энэ нь жирэмсний 16 дахь долоо хоног дээр ургийн сонсох чадвар нь хөгжиж эхлэх үеэс эхлэлтэй байдаг байна. Жирэмсний 27 дох долоо хоног дээр ураг уйлахдаа эхийнхээ дууны өнгө болон хэмнэлийг агуулсан байдаг. Шинэ төрсөн хүүхдийн бусдын хэл яриа, харилцаанд  үзүүлэх хариу үйлдэл нь эхийнхээ хэвлийд сонсож байсан дуу авианд тулгуурласан байдаг. Олон хэлний орчинд байх франц хүүхэд францаар ярьж байгаа хүмүүс рүү харах гэж хичээж байхад,  орос хүүхэд оросоор ярьж буй хүмүүс рүү харж байдаг гэнэ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх