fbpx

Зонхилон тохиолдох өвчин

image

-Рахитаас сэргийлэх арга-

Рахит өвчин үүсэх үндсэн шалтгаан нь биед Д аминдэм дутагдах юм. Хүний бие махбод өөрөө Д аминдэм нийлэгжүүлж чаддаг ч харамсалтай нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг улс үндэстнүүдийн хувьд өвөл, хаврын цагт нарны гэрлийн шууд тусгал буурч, наргүй үеийн үргэлжлэх хугацаа нэмэгддэгийн улмаас бие махбодод шаардлагатай хэмжээний Д аминдэм үүсч чаддаггүй.

Рахитаас сэргийлэхэд нарны гэрэл амин чухал.
Рахит өвчин үүсэхэд хүргэдэг хамгийн эрсдэлтэй хүчин зүйлсийг дурдвал:

  • Нарны гэрэлд гараад байдаггүй хөхүүл эхийн сүүгээр хооллодог нярай
  • Нарны гэрэлд гараад байдаггүй нярай ба хүүхэд
  • Нарны гэрэлд хангалттай хэмжээгээр гарч чаддаггүй нярай ба хүүхэд
  • Хоол тэжээлд нь витамин Д болон кальци хангалтгүй байдаг нярай ба хүүхэд

Тиймээс манай орны хувьд богинохон болдог зуны дэлгэр цагт хүүхдээ нарны гэрэлд тогтмол гаргаж байх нь Д аминдэм дутагдлаас сэргийлэх байгалиас заяасан хосгүй боломж юм.

Д аминдэм нарны гэрлийн нөлөөгөөр биед байнга үүсч байхаар заяагдсан тул түүнийг бие махбод нөөцөлдөггүй зохилдлогоотой. Тиймээс зун хүүхдээ наранд сайн гаргаад авбал л намар, өвөл, хавар хангалттай Д аминдэмтэй болчихно гэж ойлгох нь үнэхээр буруу бөгөөд манай оронд ийм шалтгаанаар намар, өвөл, хаврын цагт Д аминдэм нөхөж хэрэглээгүйгээс хүүхдүүд рахитаар өвчлөх нь түгээмэл байдаг.

Тиймээс нарны гэрлийн тусгал буурч эхэлсэн намар цагаас л хүүхдэдээ эмчийн зааврын дагуу өдөр бүр (бүр нэг өдөр ч алгасахгүй), тохирох тунгаар (Д аминдэм дутагдлаас сэргийлэх тун, рахит өвчнийг эмчлэх тун хоёр өөр гэдгийг санаарай), урт хугацаанд (нарны гэрэл буцаж хангалттай хэмжээнд болтол буюу зун болтол өдөр бүр) Д аминдэмээр баялаг хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй.

Хэрэв таны хүүхэд рахитаар өвчилсөн бол та ямартай ч хамаг юм өнгөрчөөгүй гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийн яс бүрэн бэхжих буюу 3 наснаас өмнө рахитыг эмчилж чадвал цаашид ясны муруйлт, гажигууд насан туршид хадгалагдаж үлдэхгүй байхаас сэргийлэх, том хэмжээний ясны гажигуудаас сэргийлэх боломж байна гэсэн үг.

Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн эмч О.Солонго

X
Нэвтрэх