fbpx

Эрүүл мэнд

image

Хүйтний улиралд толгой дараалан ханиад хүрч, хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрдэг.

Чийрэгжүүлэлт нь дархлааг сайжруулж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчин туссан ч хөнгөн тусах үндсэн нөхцөл нь. Тиймээс ч Хүүхдийн төв сувиллын Сэргээн засах эмч Р.Отгонсайхантай хүүхдийн чийрэгжүүлэлтийг хэрхэн хийх талаар ярилцлаа.

Тэрбээр чийрэгжүүлэлтийг зун гэлтгүй жилийн дөрвөн улиралд хийж байх хэрэгтэйг зөвлөсөн. Ингэхдээ чийрэгжүүлэлтийн гурван эрдэнэ хэмээн нэрлэдэг нар, ус, агаар гэсэн аргаар хүүхдийн нас, биеийн онцлогт тааруулан энгийн цөөнөөс, нэмж хүндрүүлсэн байдлаар хийдэг. Өөрөөр хэлбэл аажмаар дасгаж, тасралтгүй хийх нь чийрэгжүүлэлтийн зарчим болдог аж.

11-12, 15-16 ЦАГТ НАРАН ШАРЛАГА ХИЙДЭГ
Нар гарсан өдөр сэтгэл санаа тайван, аз жаргалтай болдог шүү дээ. Энэ бол эхний үйлчлэл. Хоёрдугаарт дулааны энерги нь бие махбодод хүрснээр судас тэлж, цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр дархлаа сайжирна. Мөн нарны чийрэгжүүлэлтийн нэг ач тус нь Д аминдэм. Нарны туяа арьсанд хүрэлцсэнээр идэвхгүй байгаа Д аминдэмийг идэвхжүүлдэг.

Наран шарлагыг 4 сараас дээш хүүхдэд хийдэг. 11-12, 15-16 цагт, аажмаар дасгах маягаар нарны чийрэгжүүлэлтийг хийнэ. Ингэхдээ нярай хүүхдийг чээж, нурууг нь эхний удаад 2-3 минут наранд шараад, маргааш нь хугацааг нэмэх маягаар хийнэ. Ингээд хугацааг нь нэмсээр нэг курс нь 30 хоног болно. Наран шарлагын үед нарны тос түрхэхгүй.

Нарны туяа 270-300 нанометр байгаа тохиолдолд энэ үйлчлэлийг үзүүлж чадна. Хэрэв үүнээс бага бол Д аминдэмийг үүсгэх чадваргүй болчихдог. Тиймээс хүйтний улиралд нарны туяа эмчилгээний түвшинд хүрэхээр Д аминдэмийг үүсгэж чаддаггүй. Зуны гурван сард хэт ягаан туяаны идэвхжил 270-300 байдаг учраас энэ хугацаанд нараар чийрэгжүүлэлт хийх нь үр дүнтэй.

Өмнө нь бид зуны улиралд нарнаас Д аминдэмийг авдаг учраас нэмэлтээр өгөх хэрэггүй гэж зөвлөдөг байсан. Харин одоо хүүхэд Д аминдэмийн дутагдалтай бол урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар нэмэлтээр өгнө гэдэг болчихсон.

Д аминдэмийн дутагдал буюу сульдааг Д аминдэмээр л эмчилнэ. Д аминдэм дутагдсанаар хүүхэд унтах болон хооллох үед хөлөрнө, шээс үнэртэй гарна гэх мэтчилэн шинж тэмдэг илэрдэг. Ингэж явсаар хөл майга болох, чээж хонхойх, сампингийн эрхний шинж, хөдөлгөөний хоцрогдол зэргээр хүндэрдэг.

Зарим хүүхдэд агууламж нь хэвийн хэр нь дутагдлын шинж тэмдэг илэрдэг. Д аминдэмийн дутагдал болон илүүдэл адилхан шинж тэмдэгтэй байдаг учраас эмчийн заавар дор нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Цусан дахь Д аминдэмийн агууламжийг үздэг болсон тул шинжилгээ өгөхөд гэмгүй.

ХҮҮХЭД ТАНЬ ХАНИАД ХҮРЭХ ГЭЖ БАЙВАЛ ГУРВАН ӨДӨР ДАРААЛАН ХАР ЦАЙНД ОРУУЛААРАЙ
Дараагийн чийрэгжүүлэх арга бол ус. Манай сувилалд ванн болон бассейн эмчилгээ гэж бий. Гэрийн нөхцөлд усан чийрэгжүүлэлтийг хийх энгийн арга бол эрүүл ахуйн ванн. Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй.

Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг. Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. Хүйтэн зүйлд агшиж, өргөсөж байна гэдэг дасан зохицох чадвар сайжирдаг.

Уснаас гадна хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулбал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай яг яаж чанадаг түүгээрээ л чанана. Ингээд хар цайндаа 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа байхад болно.

Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй. Зарим эцэг эхчүүд хар цайнд ганц нэг яс буцалгачихдаг. Энэ ч бас болохгүй юмгүй.

Мөн усан чийрэгжүүлэлтэд бэлэн халгайн ханд, шилмүүс, давсны гэх мэтчилэн олон төрөл бий. Бассейн эмчилгээ бас их сайн. Тоглох, сэлэх гээд хөдөлгөөн хийдэг учраас хүүхдүүдэд маш сайн сэргэлт болж өгдөг.

ХЭТ ЗУЗААН ХУВЦАСЛАХ ХЭРЭГГҮЙ
Хүүхэд эхийн хэвлийгээс гараад л тасалгааны температурт очдог. Энэ нь хамгийн анхны чийрэгжүүлэлт болдог. 37 градусаас хүүхдийн өрөөний байх ёстой температур болох 22-т байна гэдэг нь нэг ёсны чийрэгжүүлэлт.

Хүүхдийг хуурайлах явцад 2-3 минут байлгах зэргээр чийрэгжүүлж байх хэрэгтэй. Зуны улиралд гүйцэд төрсөн нярайг 7-10, дутуу төрсөн нярайг нэг сарын дараанаас агаарт гаргах хэрэгтэй.

Ингэхдээ бас л цаг агаарын нөхцөлийг харахаас гадна хугацааг багаас нь ихэсгэнэ гэдгийг мартаж болохгүй. Өдөрт нэг удаа байсан бол цаашлаад өдрийн хоёр болгох гэх мэт.

Харин том болсон хүүхдүүдийн хувьд агаарт гаргахдаа хувцсыг нь сайтар анхаарах хэрэгтэй. Хэт зузаалснаас болж хүүхэд хөлрөөд эргээд ханиад хүрэх гэх мэт сөрөг үр дагавартай.

ИЛЛЭГ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
Дээрх гурван аргаас гадна иллэг, дасгал хөдөлгөөн, хооллолт мөн чухал. Хүүхэд уйлах, тайван бус байхад хүүхдийн толгойг зөөлхөн илж тайвшруулдаг. Энэ үед эндорфен буюу аз жаргалын гормон ялгарч, хүүхэд тайвширч байдаг. Тиймээс хөхүүлж байх үедээ зөөлхөн гэхдээ удаан биш илэх нь сайн нөлөө үзүүлдэг.

Хүүхдэд иллэг хийхдээ цээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Нуруу илэх нь хүүхдийн өтгөн хаталтад сайнаар нөлөөлдөг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Хэсэгчилсэн иллэг, дээрээс нь доош нь илэх гэх мэтээр иллэгийг гэрийн нөхцөлд хөнгөхөн хийж байх хэрэгтэй. Хөнгөхөн, цусны эргэлтийг сайжруулах зорилгоор л иллэгийг хийж байх хэрэгтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хоёр нас хүрчихвэл тэр бүр иллэг хийхээ больдог нь буруу юм.

ХООЛНЫ ДУРШЛЫГ САЙЖРУУЛАХЫН ТУЛД ТОДОРХОЙ ЦАГ, БАЙРЛАЛД ХООЛЛОХ ХЭРЭГТЭЙ
Хооллолтын хувьд бага багаар, тэжээллэг чанарыг хангасан, насанд нь тохирсон хоол өгөх нь чухал. Зургаан сар хүртэл зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үед хөхөөр хооллох шаардлагатай. Хөхний сүүгээр хооллоогүй бол хүүхдийг зөвхөн нэмэлт тэжээл болох хөхний сүү орлуулагчийг л хэрэглэнэ. Үнээ болон ямааны сүүгээр хооллож болохгүй. Харин зургаан сартайгаас нэмэгдэл хоолонд оруулна. Өмнө нь угжны хүүхдийг 4-5 сараас эхэлж нэмэлт хоолонд оруулна гэж зөвлөдөг байсан ч одоо бол зургаан сартайгаас эхлэн нэмэлтээр хоол өгдөг болсон.

Шууд бантан өгч болохгүй. Шингэн, хагас шингэн, өтгөрүүлсэн гэсэн дарааллаар хооллоно. Эхний ээлжинд алим эсвэл бусад жимсний шүүсийг 2 халбагаас эхлээд гурав, дөрөв, тав гэх мэтчилэн аажмаар нэмж долоо хоног болгоно. Үүний дараагаар таргаа 2-3 давхар марлаар шүүж өгнө. Дахиад л 2 халбагаас эхлээд дастал нь долоо хоног идүүлсээр 100-150 грамм хүртэл нэмдэг. Шинэ хоолыг өмнөх хоол дассаны дараа өгдөг. Тарагны дараа хүүхдийн будаа, махны шөлтэй будааны, төмсний зутан гэж явсаар бантан өгнө. Зургаан сартай, түүнээс өмнө хэзээ ч бантан идүүлж болохгүй. Хүүхдийн фермент нь мах хүлээн авах чадваргүй байдаг. Тиймээс хүүхдийн гэдэс хямрамтгай болох магадлалтай.

Өмнө нь бид хүүхдийн будааг усанд чанадаг байсан бол илчлэг чанар нь буурдаг болох нь тогтоогдсон. Тиймээс хүүхдийн будааг шууд сүүгээр чанах хэрэгтэй.

Багаас нь хүүхдэд олон төрлийн хоол өгч байхгүй бол хоолны дуршил нь буурдаг. Хүүхдийн будаа гэхэд л олон төрөл бий, дээр нь будааны зутан гэх мэтээр өгөх хоолны нэр төрлөө ихэсгэх хэрэгтэй. Ингэж явсаар нэг нас хүрч байж гэрийн буюу нийтийн хоол идүүлэх хэрэгтэй.

Нэг настай хүүхдэд гэрийн хоолны махыг нь жижиглэн хоолонд нь хийж өгөх хэрэгтэй. Бүр буталж болохгүй. Мах өгөхгүй байвал төмрийн дутагдалд орохоос гадна зажлах үйл хийснээр эрүүний хөгжил, хэл ярианд чухал үүрэгтэй. Мөн хүүхдийн хоолыг багадуулж болохгүй. Зургаан сартайгаас дээш хүүхэд 200-250 грамм хоолыг нэг дор иднэ. Нэгээс дээш насанд 250-300 грамм. 2.5 цаг тутамд шингэн уулгах, хоол идэх гэх мэтчилэн тасралтгүй байх ёстой. Жимс, цагаан идээ гэх мэтчилэн нэр төрлөө олон болгох хэрэгтэй.

Сүүлийн үед хүүхдийн хоолны дуршил буурах нь нэлээн асуудал болж байна. Хоолны дуршлыг сайжруулахын тулд тодорхой цаг, байрлалд хооллох хэрэгтэй. Ширээн дээр нь зөв суулгаж идүүлэх нь маш чухал. Эцэг эхчүүд хүүхэд нь хоол идэхгүй байгаа учраас дагаж хоолыг нь идүүлдэг гэдэг. Гэхдээ тийм биш. Нэмэлт хоолонд оруулахдаа анхнаас нь сандал дээр, аяга, халбагыг нь өөрт харуулаад хоол идэх гэж байна гэдгийг нь мэдрүүлэх нь чухал. Мөн ээж нар хүүхдийнхээ хоолыг халбагадаж өгдгөөс болж сонирхол нь буурдаг. Өөрт нь халбагыг нь бариулж сургах хэрэгтэй. Мөн аяга таваг, хоолны хэлбэр хэмжээг ч сонирхолтой байдлаар хийх нь хоолны дуршлыг нэмэхэд нөлөөтэй.

Эцэг эхчүүд дээрх чийрэгжүүлэлтийн аргуудыг тогтмол хийхийн тулд цагийн хуваарьтай болох нь үр дүнтэй. Хоол, иллэг, наран шарлага гэх мэтчилэн чийрэгжүүлэлтийн аргуудаараа хуваарь гаргаж тогтмол хийх нь хүүхдийн дархлааг сайжруулж, өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.

Эх сурвалж: Хүүхдийн төв сувилал

X
Нэвтрэх