fbpx

0-1 нас хүртэл

image

0-1 нас бол хүний хөгжлийн хамгийн үсрэнгүй үе гэж нэрлэж болно. Учир нь нэг жилийн хугацаанд олон өөрчлөлтүүд сар өдрөөр хэмжигдэн явагддагтай холбоотой.

Төрснөөс хойшхи 6 долоо хоног хүртэлх хугацаа бол гадаад амьдрал, шинэ орчинтой дасан зохицох үе юм. Тэд өдрийн ихэнхийг унтаж өнгөрөөдөг ба сэрүүн ба хооллох хугацаа бага байдаг байна. Нүүрнээс 20-30 см-ийн зайтай байгаа тод зүйлсийг сайн харах бөгөөд өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг ажиглах нь нийгмийн хөгжлийн анхны шинж тэмдэг юм. Мөн ээж аавынхаа сэтгэл хөдлөлийг мэдэрдэг бөгөөд харж мишээж эхлэнэ.

Харин 1,5-6 сартай хүүхэд чөлөөтэй хөдлөн орчин тойрноо идэвхтэй судална. Орчин тойрныхоо зүйлс болон таны хийж буй үйлдлийг ажиглана. Орчин тойрныхоо дуу авиаг сонирхон тааламжтай байдлаар хариу үйлдэл үзүүлнэ. Аав ээжийнхээ дууг бусад хүмүүсийн дуунаас ялгана. Янз бүрийн дуу авиагаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж удаан уянгалуулан гунганана. Тал тал тийшээ хөрвөөн хүн тэвэрвэл баярлах бөгөөд энэ нь хүүхдийн хамгийн сэтгэл татам өхөөрдөм үе юм.

6-12 сартай үе бол хүүхэд чөлөөтэй хөдөлж, орчин тойрныхоо зүйлийг өөрөө үзэж харж, судалж, тоглоомоо сонирхож эхэлдэг үе юм. Ялангуяа хүүхэд нүдэх, шажигнуулах, сэгсрэх, унагах зэрэг янз бүрийн шажигнадаг тоглоомыг илүүд үзнэ. Үргэлж давтагддаг үгийн утгыг ойлгох ба ойр дотныхоо хүмүүсийг хараад баясаж баяртай байна.

Өнхөрч хөрвөн биеэ чөлөөтэй хөдөлгөнө. Сонирхсон зүйлээ шургуу судалдаг ба гэр бүлийнхэнтэйгээ тоглон нийгмийн харилцаанд орж байгаадаа баяртай байх болно. Энэ насны төгсгөл үед хүүхэд хүрээлэн буй орчноо бие даан үзэж, харж, судалж чаддаг болсон зүйлийнхээ тухай их сонирхоно. Зарим үг хэллэгийг ойлгож, илүү их мэддэг ойлгодог болохыг хичээнэ. Гэр бүлийнхнийхээ хувьд хүүхдэдээ сэтгэл тавьж, дэмжиж байвал зохих үе юм.

Учир нь энэ насанд нярай хүүхдийн хорвоо ертөнцөд, бусдад итгэх итгэлийн суурь эхлэл тавигддаг бөгөөд энэхүү суурь мэдрэмжийг эцэг эхээсээ авна. Эцэг эхийн найдвартай элэгсэг орчинд мэндэлсэн хүүхэд маань тайван, уур уцаар багатай тэнцвэртэй хүн болон өсөж торних магадлал ихтэй байдаг нь бусдад итгэх түүний итгэл нь өөртөө итгэх итгэлийн эх сурвалж болдог нь энэ насныхны хувьд амар амгалан эрүүл орчинд өсгөн хүмүүжүүлэх нь чухал.

Эх сурвалж: Эцэг эх - Хүүхэд - Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх