1-3 нас хүртэл

image

-2 настай хүүхдийн хөгжлийн онцлог-

Хүүхдийн хоёр нас бол нялх үеэс бага насанд шилжих үе билээ. Энэ шилжилтийн үед урьд төлөвшсөн зан төрх хөгжиж, өөрчлөгдөн шинэ зан төрх бүрэлдэн бий болно. Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл, идэвхтэй болсон байна.

Хоёр настнууд нүдээр үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйлдэл хийдэг онцлогтой. Иймд тэдэнд юмыг зориудаар заах биш дуурайлгах замаар янз бүрийн хэвшил, дадалд сургах нь хялбар байдаг. Хэрэв хоёр настай хүүхдийг сайтар ажиглавал урьд дуулгавартай байсан хүүхэд маань зөрүүд байдал гаргах болсныг харна. Энэ насны хүүхдийн хамгийн дуртай үг нь “үгүй” гэдэг үг болно. Юм л бол үгүй гэнэ. Тэд заримдаа юу хүсээд байгаагаа ч үл мэднэ. Энэ нь хүүхэд өөрийгөө бие хүн гэдгийг мэдэрч эхэлж байна. Тэгээд ч түүнийгээ нотлох шаардлага гарч ирж байна гэсэн үг юм.

Хүүхдийг хоёр настайд нь ямар нэг дэг журамд сургах ёстой бөгөөд үүнд уян хатан байх ёстой. Хүүхдийг өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах шаардлагатай. Энэ насанд хүүхэд баярлах, хөөрөх, уурлах, эгдүүцэх байдлаа илэрхийлнэ. Хоёр настай хүүхэд насанд хүрэгчдээс анхаарал халамж нэлээд шаарддаг. Тэд эцэг эх маань сэтгэлийг минь ойлгож байна, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг мэдрэх нь чухал.

Хоёр настнууд ердийн өсөж хөгжиж байгаа бол биеийн жин нь 12-12,5 кг, өндөр нь 84-85 см байдаг. Тэдний тархинд явагдах хөөрлийн үйл явц, саатлын үйл явцаас илт давуу байх тул юманд тэвчээртэй хандах, өөрийгөө эзэмдэх чадвар сул байна. Бас нэг зүйл дээр түр ч болов анхаарлаа төвлөрүүлнэ. Гэхдээ хөөрлийн үйл явц нь хүчтэй учир хүүхэд амархан цочирч, хөөрч, удаан хугацаагаар тайвширч чадахгүй, сэтгэлийн тэнцвэр алдагдсанаас муу унтдаг зэргийг анхаарах хэрэгтэй.

Хоёр настнуудын гол хэрэгцээ нь хөдөлгөөн юм. Иймд тэд ямагт хөдөлж байхыг эрмэлзэнэ. Явах, гүйх, үсрэх, харайх, авирахаас гадна юм өргөх, зөөх, онгойлгох, таглах, босгох, хэвтүүлэх, хуулах зэрэг гараар хийх хөдөлгөөн нарийсна. Энэ насанд хүүхэд юмыг дуурайх онцлогтой учир зориудаар дуурайлгах замаар зааж сурган, янз бүрийн дадал, хэвшил төлөвшүүлэх боломжтой.

Эх сурвалж: Эцэг эх - Хүүхдийн - Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх