fbpx

3-5 нас

image

-5 настай хүүхдийн хөгжил-

Таван нас нь тайван, тааламжтай насны нэг. Хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй найртай болно. Хүүхэд дөрвөн настайдаа хэрээсээ хэтэрсэн ямар нэгэн зүйл хийх гэж оролдоод бүтэхгүй болохоор сэтгэлийн их хямралд ордог бол таван настнууд зөвхөн өөрийн хийж чаддаг зүйлээ л сонгон авч хийдэг. Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдэхээс гадна хийсэн ажлаа заавал дуусгах эрмэлзэлтэй болдог.

  • Таван настнууд гэр орондоо их хайртай. Үе тэнгийнхэн болон найз нар руугаа тэмүүлэх нь ихэснэ.
  • Таван насанд үндсэн өнгө төдийгүй завсрын өнгийг ялгаж чаддаг болно.
  • Анхаарал нь хөгжинө.
  • Бодож санаснаа өөрийн үгээр чөлөөтэй илэрхийлэх гэж оролддог.
  • Үг яриа, сэтгэхүйн хөгжилтэй холбоотойгоор ой тогтоолт нь эрчимтэй хөгжинө.
  • Тогтоосон зүйлээ оюун ухаандаа хадгалах хугацаа нь уртасна.

Өөрөөр хэлбэл ойн багтаамж ихсэж ирдэг. Арваад нэр тогтоолгоход 5-7 орчмыг нь тогтоосон байна. Түүнд хоёр жилийн өмнө авч өгсөн тоглоомыг эргэн санаж байх жишээтэй. Таван настнуудын ярианы гол хэлбэр нь тоглоомын хэл бөгөөд тэд тоглоомтойгоо ярьж, асууж, өөртөө хариулж, гуйж, тусалж наадна. Тэр үедээ сэтгэлийн их хөдөлгөөнтэй, уран дүрслэлтэй, үнэн сэтгэлээсээ ярилцаж, харилцана.

Ингэж тэд юм л бол ярих гэх боловч заримдаа сурган хүмүүжүүлэгчдийн нэрлэдгээр дотоод ярианд мөн шилжинэ. Энэ нь биеийн хөдөлгөөнөөрөө эсвэл гайхсан, эргэлзсэн, уурлаж, баярласнаа ганц нэгхэн үгээр илэрхийлэх байдлаас харагдана.

Таван настнууд тун их сониуч улс. Бие бялдрын хувьд ч мэдэгдэхүйц өснө. Тэдний бие хүндэрч, хөдөлгөөний эвсэл сайжирч, хол газар нэлээд удаан явах чадвартай болдог байна. Аливаад шаргуу тэвчээртэй хандана. Гэвч зарим үйл нь эцэг эхчүүдийн эгдүүцлийг хүргэх үе ч тохиолдоно. Тэд аав ээжийнхээ өвөр дээр гарч суучхаад яриа үүсгэх юм уу өөртэйгөө тоглохыг шаардана. Тэднээс тийм ч амархан салж чадахгүй дээ.

Эх сурвалж: Эцэг эх – Хүүхэд – Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх