6 нас

image

-6 настай хүүхдийн онцлог-

Зургаан нас нь асар их хүч агуулсан нас юм. Дөлгөөн тайван, эвсэг найртай, хүн бүхэнтэй амархан зохицдог, ухаалаг яриа хөөрөөтэй таван настнууд маань зургаан насаа дөхөөд ирэхээр эдгээр чанаруудаа аажмаар гээж, сэтгэлийн хөдөлгөөнөө барихаасаа илүү сэтгэлийн хөдөлгөөндөө удирдуулдаг. Тэдний булчин бүр нь тасралтгүй хөдөлгөөн, үйл ажиллагаа шаардаж байдаг.

Зургаан настнууд үг ярианы гоо сайхныг тэр болгон анхаархаа больдог. Зургаан настнууд үгээ тод хэлэхээ больж, хурдан хурдан давхцуулах ба хэлэх, үгүй нь мэдэгдэхгүй арайхийн үгээ зөөж ярих ба өөрсдөө анхаарлын төвд байхыг оролдоно. Хүрээлэн буй хүмүүсийн анхаарлыг өөртөө татахын тулд янз бүрээр оролдоно. Анхаарал нь нэг зүйл дээр 25-30 минут хүртэл тогтвортой байж чадна.

Тэдний анхаарал сарних нь хэт ядрах, мэдрэл нь хүчтэй хөөрсөнтэй холбоотой байдаг гэдгийг мартаж болохгүй. Иймд хүүхдийн чөлөөт цаг, амралт, нойрыг зөв зохицуулах, удаан хугацаагаар албадан хөдөлгөөнгүй суулгах, хэт орой болтол тоглуулах, юм үзүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Бас нэгэн зэрэг 5-6 шинэ зүйл заах, үзүүлэх нь зохимжгүй байдаг.

Зургаан настнуудын үгийн нөөц нь 14 мянга орчим болно. Тэд үгийг хувиргаж, цаг хугацааг зааж, өгүүлбэрийг зөв зохиож чаддаг болно. Энэ насанд хүүхэд улаан, шар, хөх, цэнхэр зэрэг үндсэн өнгөөс гадна хар хүрэн, цагаан бор, бор шар гэх зэрэг завсрын олон өнгө ялгаж, үг яриандаа ашиглана. Таван насандаа эхэлсэн сониуч зан нь улам бүр бэхжиж ирнэ. Түм буман "яагаад" гэсэн асуултуудаар булж эхэлдэг.

Тэдний танин мэдэхүй улам гүнзгийрч "яагаад ногоо ургадаг", "яагаад бороо ордог", "яагаад нохой сүүлтэй байдаг юм бэ?" гэж асууж байснаа "хүн яагаад үхдэг юм бэ?" гэх мэтээр амьдрал, үхэл, хүмүүсийн харилцааны тухай асуух нь ихсэж, байгал орчин, эргэн тойрны хүмүүс, ертөнцийн тухай мэдэхийг оролддог. Ийнхүү тэдний ер бусын сонирхол нь суралцахад бэлэн байгааг нотолж байдаг.

Зургаан настнуудын хувьд тоглоом их чухал үүрэгтэй. Тэд хичээл, сургалтыг ч тоглоом мэт хүлэээн авдаг. Сургалтын үйл ажиллагааг тоглоомоор дамжуулан өгвөл илүү үр дүнтэй. Ерөнхийд нь бага насны хүүхдийн хөгжлийг дүгнэж үзвэл, хүүхэд тоглох, бусадтай харилцаанд оролцож байхдаа хөгждөг байна. Иймд бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг тэдгээрийн тоглоом наадгайнаас ангид авч үзэх аргагүй байдаг.

Эх сурвалж: Эцэг эх - Хүүхэд - Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх