Боловсрол

image

Уншиж сурч байгаа хүүхдэд эцэг, эхчүүд ямар дэмжлэг үзүүлэх тухай “Монсудар” хэвлэлийн газрын “Дидо” редакцын эрхлэгч Г.Ариунцэцэг эцэг, эхчүүдэд зөвлөгөө өглөө.

ЭЦЭГ, ЭХ НЬ НОМ УНШДАГ БОЛ ХҮҮХЭД УНШИГЧ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР
Хүүхэд бүх үсгээ үзсэний дараа гацахгүй унших буюу урсгал уншиж сурсан үедээ уншсан зүйлийнхээ утгыг ойлгодог. Урсгал уншаад сурсан хүүхдийг уншсанаа ойлгоход нь чиглүүлэх хэрэгтэй. Уншсанаа ойлгохгүй байгаа бол уншиж сурсан гэж хэлэхгүй. Ойлгож унших нь хамгийн чухал бөгөөд ном уншиж сурсны гол үр дүн. Судалгаанаас харахад Эцэг, эх нь хоёулаа гэртээ ном уншдаг бол хүүхэд нь ном уншдаг болох магадлал 50 хувиас дээш байна. Ээж, аавын аль нэг нь уншдаг бол хүүхдүүд нь уншигч болох магадлал 25 хувь. Хоёулаа ном уншдаггүй бол хүүхэд нь ном уншдаг болох магадлал 10 хувиас доош болж байгаа юм.

ХИЧЭЭЛИЙГ НЬ ТОГЛООМЫН АРГААР ЗААГААРАЙ
Хүүхэд үсэг үзэж байх үед эцэг, эх нь багшийн үүрэг гүйцэтгэж, аль болох сонирхолтойгоор, тоглоомын аргаар хүүхдэдээ хичээлийг заах хэрэгтэй. Түүний тулд жишээ нь үсэг таах арга хэрэглэж болно. Үсгийг агаарт эсвэл нуруунд нь  бичиж, хүүхдээрээ таалга. Мөн нүдийг нь боогоод үсэг тэмтрүүлэх зэргээр харилцан нүдээ боож, хүүхэдтэйгээ хамт тоглоорой. Сурах ёстой хичээлийг хөдөлгөөнтэй  нь холбоход хүүхдийн хүлээж авах үр дүн маш сайн байдаг.

ХҮҮХДЭЭ БУСАДТАЙ БҮҮ ХАРЬЦУУЛ
Уншиж сурч байгаа хүүхдийг нэг үг зөв хэлсэн ч магтаж, урамшуул. Загнаж, ширүүлэх хэрэггүй. Мөн бусад хүүхэдтэй бүү харьцуул. Хүүхэд бүхний ойлгох, хүлээж авах чадвар өөр, онцлогтой байдаг. Эцэг, эх уншихад сонирхолтой харилцан унших номыг сонгож ав.

НОМЫГ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭЭЛЖИЛЖ УНШААРАЙ
Хүүхэдтэйгээ ээлжилж унш. Манайхны гаргадаг нэг алдаа бол хүүхэд нь уншаад сурчихвал “Одоо чи өөрөө унш” гэдэг. Сургуульд орохоос нь өмнө үлгэр уншиж өгдөг байсан бол хүүхэд уншаад сурахад ном уншиж өгөхөө больчихдог нь буруу.

ХҮҮХДИЙН УНШИХ НОМЫГ ӨӨРӨӨР НЬ СОНГУУЛ
Хүүхдийнхээ унших номыг өөрөөр нь сонгуул. Бид номын дэлгүүрүүдийн Хүүхдийн номын тасагт судалгаа хийж үзсэн.  Зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ ном сонгож авдаг. Зарим нь хүүхдээ дуртай номоо ав гээд орхидог. Тэндээс хүүхдийн өөрөө сонгосон ном, эцэг, эхийн сонголт хоёрыг харьцуулахад таарах ном нэг ч байгаагүй. Тэгэхээр томчууд хүүхдийнхээ сонирхсон номыг авч өгч чадахгүй байна. Эцэг, эхчүүд хэдийгээр өгөөжтэй, сонирхолтой гэж бодож ном сонгодог ч харамсалтай нь хүүхдүүд түүнээс тэс өөр ном сонирхож байна. Хүүхдүүд хүүхэлдэйн кино нь гарсан номнуудад илүү дуртай. Жишээ нь, Маккүйн, Мангасын орон, Мэлхий нинжа, охид бол Элса, Цасан гоо ба долоон одой гэх мэт ном сонгох жишээтэй. Гэхдээ хүүхдээрээ ном сонгуулсан ч авсан номонд анхаарах хэрэгтэй.

ТОМ ШРИФТТЭЙ, БАГА ТЕКСТТЭЙ НОМ СОНГО
Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдэд Ариал Мон ширфтээр 14-тэй, мөр хоорондын зай 1.5-аас доошгүй  хэмжээтэй, нэг хуудсанд бага текст орсон, зурагтай ном сонгох нь зүйтэй. Өгүүлэмжийн хувьд ном олон дүртэй байвал хүүхэд ойлгоход хэцүү. 6-7 настай хүүхдэд уншиж байгаад өнгөрсөн үйл явдлыг санах зохиолууд, цаг хугацааны хувьд урагшаа  хойшоо үсэрсэн зохиол тохиромжгүй. Ойлгоцыг нь дэмжихийн тулд 1-2 баатартай, нэг цаг хугацаанд болж буй үйл явдлыг өгүүлэх ном сонговол дээр. Бага тексттэй, зураг ихтэй ном өгөөж багатай гэдэг нь өрөөсгөл ойлголт юм шүү.

Хөвгүүд номын сонголтдоо өндөр шалгуур тавьдаг. Харин охид бол хөвгүүдийн морь, машинтай номыг ч уншчихдаг. Гэтэл хөвгүүд охидын сонирхдог барби хүүхэлдэйтэй номыг огт уншдаггүй.

Сэтгүүлч: Э.Оргил

X
Нэвтрэх