fbpx

Мэдээ, мэдээлэл

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын  хүүхдийн эрхийн талаарх мэдлэг,  ойлголт,  хандлагыг тодорхойлох зорилготой уг судалгаанд нийслэлийн долоон дүүрэг,  найман аймгийн нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын найм нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийллийн дарамтад байдаг гэж хариулжээ. Мөн хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг талаар судлахад 15.6 хувь нь гэр бүлийн орчинд, 36.2 хувь нь сургуулийн орчинд, 53.8 хувь нь гудамж талбайд гэж хариулсан байна.


“Судалгаанд оролцсон хоёр хүн тутмын нэг нь хүүхдийн эрх зөрчигдөж буйг хаана хэнд мэдээлэхээ мэддэггүй гэсэн байна. Мөн нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 38.2 хувь нь хүчирхийлэлд өртдөг ч хэнд  ч хэлдэггүй гэж хариулсан нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл бидний санааг зовоосон тулгамдсан асуудал хэвээр байгааг харууллаа” гэж Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ ярив.

Энэ судалгааны баримт үр дүнг хүүхдийн эрхийн асуудлаар үүрэг хүлээгч байгууллага хамт олон, иргэд олон нийтэд хүргэж хүүхдэд ээлтэй бодлого, эрх зүйг хөгжүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.

Гүүд Нейборс Монгол төлөөлөгчийн газрын зөвлөх Х.Баавгай “Хүүхдийн эрх зөрчигдөхөд хэн хамгаалах вэ? гэхэд судалгаанд хамрагдсан бүлгийн гишүүдийн 90 гаруй хувь нь эцэг эх гэсэн байсан. Гэтэл төрийн байгууллага төрийн албан хаагч чухал үүрэгтэй гэж ердөө 10.5 хувь нь л хариулсан байна.

Энэ нь хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллага төрийн албан хаагчийн үүрэг манлайлал огт байхгүй гэсэн үг. Тиймээс энэ судалгааныхаа үр дүнд төрийн байгууллагуудад дүгнэлт зөвлөмж гаргана. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг тавина” гэв.

Г.Ариунзул

X
Нэвтрэх