fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-Тоглоом АЮУЛГҮЙ байдал-

Тоглоом хүүхдийг зөвхөн зугаатай байлгах хэрэгсэл бус харин хүүхдийн хөгжилд нэн чухал үүрэгтэй. Учир нь хүүхэд өөрийн гарт баригдсан бүхнийг юу болохыг таньж мэдэхийг эрмэлзэж, олон янзаар оролдон, сонирхож үздэг. Түүнээс гадна тоглоомоос гарах дуу авиа, чимээг тоглоомын дүрс хэлбэртэй харьцуулан, ялган, суралцаж байдаг.

Өнөө үед хүүхдийн тоглоомын сонголт арвин болсон. Гэтэл урьд урьдынхаас илүү хурц асуудал хүүхдийн тоглоомтой холбогдон гарч ирсэн нь чанар юм.

2015 онд Монгол Улсын хилээр 675.35 тонн хүүхдийн тоглоом импортолжээ. Монголын хүүхдийн тоглоомын зах зээлийг хятад тоглоом эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Үүний нэг жишээ нь олон улсын түвшинд хийсэн судалгаагаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийн хамгийн том экспортлогч нь БНХАУ бөгөөд дэлхийн тоглоомын зах зээлийн 85 хувийг нийлүүлдэг.

Өнөөдөр хүүхдийн бүх дэлгүүрүүдээр Хятад тоглоом худалдаалж байна. Тэд боломжийн үнэ, гял цал байдал, хурц тод өнгө зэргээрээ худалдан авагчдын сонирхлыг татдаг. Ихэнх эцэг эхчүүд хямдыг нь бодоод хүүхэддээ хятад тоглоом авах тохиолдол бий.

Тэгвэл “Made in China” гэх энэ шошготой зарим тоглоом таны хүүхдийн эрүүл мэндэд ямар хор нөлөө учруулж болох талаар та бодож байсан уу?

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд Америкийн зах зээл дээрх хэдэн мянган тоглоомын найрлагад шинжилгээ хийсэн байна. Тус судалгааг гардан явуулсан эрдэмтэд болох Филип Гранжана болон Филип Ландригана нарын хэлж буйгаар хүүхдийн тоглоомонд химийн хортой бодис ашиглах нь нэмэгдсэн аж. Энэ нь хүүхдийн өвчлөл нэмэгдэх нэг шалтгаан.

Америкийн судлаачдын явуулсан судалгаагаар бага насны хүүхдэд зориулсан тоглоомуудад фенол, формальдегид, мөнгөн ус, хар тугалга болон бусад химийн бодисуудын агууламж зөвшөөрөгдөх хязгаараас давсан тохиолдол их байдгийг тогтоожээ.

X
Нэвтрэх