fbpx

Хүүхдийн хөгжил

image

Тэр бяцхан биедээ ахдах ачаа үүрч, үеийнхээ хүүхдүүдтэй дэгдэн дэрвэх боломжгүй боллоо…

Энэ үе нь эцэг, эхчүүдэд маш том цохилт, сорилтыг авчирдаг тул бяцхан үрсдээ хэрхэн дэм болохоо мэддэггүй. Ийм асуудал хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болсон бүх эцэг эхэд тулгарна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, тэднийгээ хэрхэн нийгэмшүүлэхээ мэдэхгүй байгаа эцэг эхчүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны захирал С.Сэлэнгийн  “Ээж аав хүүхдийн хөгжлийн түлхүүр” лекцийг хүргэж байна.

Өнөөдөр би хүүхдийнхээ хөгжилд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой талаар ярих болно. Эцэг эхчүүдийн гаргасан алдаа хүүхдийн хөгжилд тушаа болдгийг бид анзаардаггүй.

Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн бие махбод оюун санаа, оюун ухаан, зан байдал, харилцаанд гарч буй ахиц өөрчлөлтүүдийг хөгжил гэж тодорхойлжээ.

Юун түрүүнд хүүхдийн хөгжлийн алтан үе 0-3 насанд тохиодгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс энэ үеийг л алдаж болохгүй.

Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон эцэг эхтэй ажилладаг. Гэтэл тэд хөгжлийн бэрхшээл гэдгийг өвчин гэж ойлгоод зургаан нас хүртэл орчноос тусгаарладаг.

Ийм хандлагатай хүмүүс хүүхдийг зургаан нас хүрмэгц л хөгжлийн тухай ярина гэж эндүүрдэг. Тэр болтол зөвхөн эмчлээд явах ёстой гэж ойлгодог. Энэ бол маш буруу ойлголт.

Хүүхдээ хооллохдоо хүртэл яарч ам руу нь халбагаддаг. Бид өнөөдрийг аргацаах бус 20 жилийн дараах ирээдүйг нь бодож хүмүүжүүлэх ёстой. Хөл нь өвддөг юм чинь тэврээд явъя, зургаан нас хүргэж байгаад сургуульд явуулъя гэдэг.

Жишээ нь өвөө эмээ нар яадаг билээ дээ. Өө хүүхэд минь элдвээр хэлүүлнэ, дээрэлхүүлнэ гээд цэцэрлэгт явуулдаггүй. Энэ нь хүүхдээ та нийгмээс тусгаарлаж буй хэрэг шүү.

Айлын ганц охин, хүү гээд ажил хийлгэхгүй хандлага их. Хүүхдэдээ ажил үүргийг ухамсарлуулж хийлгэх хэрэгтэй.

20 ЖИЛИЙН ДАРАА МИНИЙ ХҮҮ ЯМАР БОЛЧИХСОН БАЙГААСАЙ ГЭЖ ТА БОДОЖ БАЙНА?

Миний хүүхэд хөлд ороосой, бичиг үсэг мэддэг, найз нөхөдтэй, мэдлэгтэй, мэргэжилтэй, биеэ даагаад амьдралаа аваад явах чадвартай, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй түүнийхээ төлөө явдаг байгаасай гэж та хүснэ.

Гэтэл бодит байдал ямар байна вэ?

Манай холбооны хийсэн судалгаагаар ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН 65 ХУВЬ нь сургуульд хамрагдаж чадаагүй байдаг. Үүнээс болж үеийн хүүхдүүдээсээ хөгжлийн хоцрогдолд өртдөг.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ харах гээд ажлаасаа гардаг. Мөн л хүүхэдтэйгээ нийгмээс тусгаарлагдаж, ядуурал, стресс бухимдалд өртдөг.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН БАРИМТЛАХ ДӨРВӨН ЗАРЧИМ

Эцэг эхчүүдэд дараах ДӨРВӨН ЗАРЧМЫГ баримталж ажиллаасай гэж хүсэж байна.

ЗАРЧИМ I хатуу ч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөр.
Хөгжлийн бэрхшээл гэдэг хаалга тогшилгүй орж ирдэг.

ЗАРЧИМ II Хүн бол маш олон төрөл. Нэг хэлбэр нь хөгжлийн бэрхшээлтэй байх.
Хүүхдүүд энэ үед өөрийгөө бусадтай адилтгаж голдог тул “Чи өөрөөрөө байгаа чинь л хамгийн сайхан” гэдгийг түүнд ойлгуулах хэрэгтэй.

ЗАРЧИМ III Хүүхдийг үе тэнгийнхнээс нь тусгаарлаж болохгүй.
Хүний анхдагч хэрэгцээ бол хооллох, унтах, амьсгалах. Энэ бол хүний бие махбодын хэрэгцээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд үүнийг л хангахыг хичээдэг.

Дараагийнх нь аюулгүй байдлаа хамгаалуулах хэрэгцээ. Бие махбодын хувьд аюулгүй байх, хэт халуун, хүйтэн газар унтуулахгүй, гэр бүлийн орчиндоо аюулгүй, эрүүл орчинд өсгөхөд анхаардаг.

Дараагийнх нь харьяалагдах буюу харьяалах хэрэгцээ. Гэр бүлийн орчноос гарч гадагш, нийгэм рүү орж буй анхдагч харилцаа нь цэцэрлэг сургуульд орсноор эхэлнэ. Байрны гадаа найз нөхөдтэй болох нь энэ хэрэгцээ хангагдаж байгаагийн нэг хэлбэр.

Дараагийнх нь итгэл найдварын хэрэгцээ. Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэх гэдэг нь маш чухал. Нийгэмд байр сууриа эзлэхэд, эцэг эх, багш, боловсрол, нийгэм хамт олон нөлөөлдөг. Нийгэмд байр сууриа эзэлснээр хүүхэд бусдыг хүндэтгэх будаар хүндэтгүүлэх хэрэгцээ нь хангагдана.

Хамгийн дээд талд хувь хүн болж төгөлдөржих хэрэгцээ байна. Хүүхэд өөрийнхөө дуртай зүйлээрээ амжилт гаргаж үүгээрээ өөрийгөө илэрхийлж чадаж байвал энэ хэрэгцээ биеллээ олж байгаа хэрэг. Гэтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эхний хоёр хэрэгцээнээс бусдыг авч чадахгүй  байгаа нь үнэхээр харамсалтай.

ЗАРЧИМ IV Хүүхдээ үүрэгжүүлж, хариуцлага үүрэх чадвартай хүн болго.
Хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болгохгүйн тулд бага насанд нь хорвоо ертөнцтэй танилцуулах боломж олго. Их хүсэл эрмэлзэлтэй энэ насанд нь өөрөө хийх буюу туршилт хийх боломжийг олгоорой.

Дараагийн нэг зүйл нь хүүхдэдээ алдаа хийх боломжийг олго. Алдаа гэдэг чинь тийм аймаар зүйл биш гэдгийг ойлгуул. Алдаан дээрээ суралцах нь чухал гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.

Мөн дүрэм журамтай сахилгатай байлгах нь чухал. Дүрэмгүйгээс хүүхэд дуртай зүйлээ хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй ч өглөө 10 цагт босгодог байх. Японд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг өдөрт дор хаяж нэг удаа амьдарч буй байрнаасаа гарч байхыг шаарддаг.

Заавал нийгэмд гарч ямарваа нэг зүйл хийх ёстой. Хөдөлмөр эрхлэх эсвэл найз нөхөдтэйгөө уулзах, дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн орох гэх зэргээр өдөрт нэг зүйлийг хийх зорилготой байх ёстой. Тэгэхээр бид 20 жилийн дараа хүүхдээ ямар байлгахыг хүсч буйгаа үргэлж бодож, өдөр өдрөөр бага багаар нийгэмшүүлж чадвал зорилгодоо хүрнэ.

Сэтгүүлч5 Г.Одгарав

X
Нэвтрэх